ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд таван эрхэм нэр дэвшээд буй. Бусад нэр дэвшигчдээ бодвол гадаад, дотоодод хатуу улстөрч гэдгээрээ танигдсан В.Путин өөртөө зориулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжсан нь түүний өөртөө хэр итгэлтэй “ирвэс” болохыг харуулна. Түүний өрсөлдөгч М.Зюганов гэхэд Зөвлөлт засгаа санагалзсан тэтгэврийнхэн, хөдөөгийн ардууд гэсэн үндсэн гол дэмжлэгтэй. Тэрбумтан, бизнесмэн, залуу үеийн төлөөлөл М.Прохоров шинэ үеийнхэн хийгээд спорт сонирхогчид гэсэн фенүүдтэй. Тэрсүүд үзлээрээ зартай В.Жириновскийн нас харьж, улс төрд үнэ цэнээ алдаж, “алиалагч” гэсэн хочтой хоцорсон нь үнэн. Өмнө нь В.Путинтай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж явсан С.Миронов тийм ч тууштай, зүрхтэй хүн биш.
Ийм өрсөлдөгчидтэй нэгэн фронт дээр “тулалдаж” яваа В.Путинд алтан Кремлийн улаан тоосгон хананы ард залрах өдөр ойртсоор байж мэдэх юм. Гэхдээ “Тэр өдрийн тэнгэр мэднэ” гэгчээр нөгөө гурвын од гийсэн үе таарах ч юм бил үү. Хэн мэдлээ. Сонгуулийн сунгааны барианы зурхай илхэн харагдаж буй энэ үед “Зөвлөлт” М.Зюганов, тэрс үзэлтэн В.Жириновский, зүрх мохоо С.Миронов, сагсан бөмбөгчин М.Прохоров нар хатуу шазруун В.Путинтай хэрхэн өрсөлдөхийг хүлээхэд тоотойхон цаг үлдлээ. Энэ чухал цаг мөчид та “Eagle News TV”-тэй хамт байгаарай.