АНУ-ын төвийн мужуудаар өнгөрсөн баасан гаригт дайрсан хуй салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 28 болсон гэж хэвлэлийн агентлагууд дамжуулж байна. Өмнө нь долоон хүн амиа алдсан гэж байв. Торнадо хуй салхи Индиана мужийн Мэрисвилл хотыг бараг тэр чигт нь сүйтгэж орхижээ. Челси хотод хэд хэдэн байшин бүрэн нурсан байв. Индиана мужаас гадна Теннесси, Кентакки, Алабама болон Охайо муж хуй салхинд өртжээ. Хүчтэй хуй салхины улмаас хэдэн мянган байр, сууц гэрэл цахилгаангүй болсон байна. Америкийн хотуудад цахилгаан дамжуулах утас нь ил татагдсан учраас хүчтэй шуурганд тасрах нь элбэг ажээ. Алабама мужийн чанга дэглэмтэй шоронгийн байр шуурганд өртөж, нурж сүйдсэн ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тэндхийн байдал тайван байгаа хэмээн мэдээлжээ.
Ш.Мягмар