Дорнодын бууз, баншны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Дорнодын бууз, баншны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газар тус аймагт бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өнгөрсөн сард хяналт, шалгалт хийжээ. Тус газраас өчигдөр шалгалтын нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Үүнд, нийт найман жижиг үйлдвэрээс зургаа нь буюу 75 хувийг хамруулсан ба хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй байжээ. Үйлдвэрүүд өдөрт дунджаар 10-20 кг бууз, банш үйлдвэрлэх багахан хэмжээний хүчин чадалтай, уламжлалт монгол арга, технологиоор үйлдвэрлэл явуулдаг байна. Эдгээр үйлдвэрүүд нь үйлдвэрлэлийн болон хөргөх төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байсан бөгөөд ахуйн зориулалттай хөргөгч, хөлдөөгч ашиглаж, гол төлөв гар аргаар бүх технологи ажиллагаа хийгдэж байжээ.

Шалгалтаар бууз, баншны жижиг үйлдвэр цехүүд нь мэргэжлийн технологичгүй, технологийн заавар боловсруулаагүй, хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, зориулалтын баглаа боодол хэрэглэдэг боловч үйлдвэрлэсэн огноо тавьдаггүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байжээ. Түүнчлэн цэвэр бохир усан хангамжийн төвлөрсөн системд холбогдоогүй, үйлдвэрлэлийн урсгал зохион байгуулалт буруу, агааржуулах систем байхгүй, махны мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээний бүрдэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Стандарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд үйлдвэрлэл явуулсан хоёр цехийн үйл ажиллагааг акт үйлдэн бүрмөсөн зогсоож, зургаан иргэнд 60 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, нэг үйлдвэрт таван заалт бүхий хугацаатай албан шаардлага өгчээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг бүх үйлдвэрүүдэд танилцуулж, дотоод хяналтын тогтолцоог сайжруулж ажиллахыг анхааруулсан байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж