Монгол оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг орон сууцны хоёр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. Үүнд, ипотекийн орон сууцны зээлээр ажилтнуудыг орон сууцтай болгох ба шугам замын төмөр замчдад зориулсан хөтөлбөр багтаж буй. Харин шугам замын төмөр замчдад зориулсан хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлэхээр болж, хөтөлбөрийн хүрээнд жил бүр 700-800 айлыг орон сууцтай болгох төлөвлөгөө гаргажээ. Өнгөрсөн оны хувьд тусгай хөтөлбөрийн хүрээнд төмөр замчин 700 гаруй айлд орон сууцны дэмжлэг үзүүлсэн юм. Мөн төмөр зам дагуу өртөө зөрлөгт байрладаг ажилчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах төлөвлөгөө гаргасан байна.
“Монгол Улсын ачаа тээврийн 90 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг энэ том байгууллагад инженер, механикаас эхлээд машинист, засварчин, слесарь, үйлчлэгч гээд төрөл бүрийн мэргэжлээр 15 мянга гаруй хүн ажилладаг. Тэдний ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл бүгд өөр, өөрийн онцлогтой. 1800 гаруй км ган зам дагансан өртөө, зөрлөгт зөвхөн ажилчид биш тэдний ар гэрийнхний амьдрал өрнөж байгаа учраас хөтөлбөрийн дагуу ажлыг эхлүүлээд байгаа” хэмээн УБТЗ-ын дарга Т.Очирхүү онцолсон юм.
Г.Даша