“Тавантолгой” ХК хамгийн өндөр үнэлгээтэй

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

“Тавантолгой” ХК хамгийн өндөр үнэлгээтэй

Монголын хөрөнгийн бирж 2012 оны хоёрдугаар сард нийт 19 удаагийн арилжаагаар 111 компанийн 7.1 сая ширхэг хувьцаа арилжиж, нийт 2.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Хувьцааны арилжааны үнийн дүн өмнөх сараас 2.0 тэрбум төгрөгөөр буюу 43.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 тэрбум төгрөгөөр буюу 57.8 хувиар тус тус буурсан байна. Арилжигдсан хувьцааны тоо ширхэг өмнөх сараас 2.3 сая ширхэгээр буюу 48.5 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 114.8 мянган ширхэгээр буюу 1.5 хувиар буурсан байна.

Хувьцааны арилжаа

“Гермес центр” ХК-ийн 1.4 сая ширхэг, “Женко тур бюру” ХК-ийн 1.2 сая ширхэг, “Ремикон” ХК-ийн 1.1 сая ширхэг, “Хөх ган” ХК-ийн 1.0 сая ширхэг, “Силикат” ХК-ийн 914.0 мянган ширхэг хувьцааг арилжсан нь хамгийн их арилжигдсан үнэт цааснууд юм. Арилжааны үнийн дүнгээр “АПУ” /356.7 сая төгрөг/, “Шарын гол“ /279.8 сая төгрөг/, “Ремикон” /210.7 сая төгрөг/, “Силикат” /205.6 сая төгрөг/ “Хөх ган” /189.6 сая төгрөг/ ХК-ийн үнэт цааснууд идэвхтэй арилжигджээ. Нэг удаагийн арилжаагаар дунджаар 139.1 сая төгрөгийн гүйлгээ хийж, 378.4 мянган ширхэг хувьцаа арилжсан байна.

Бондын арилжаа

Энэ сард Засгийн газрын болон Компанийн бондын арилжаа явагдаагүй байна.

Үнэт цаасны ханш

Нийт 111 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 78 үнэт цаасны ханш өсч, 23 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

ТОP-20 индекс

ТОP-20 индекс 21657.98 нэгж байгаа нь өмнөх сараас 1681.48 нэгжээр буюу 8.4%-иар өсч, өмнөх оны мөн үеэс 10643.71 нэгжээр буюу 32.9%-иар буурсан байна. ТОP-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 21657.98 нэгж, доод үзүүлэлт нь 19946.48 нэгж, дундаж үзүүлэлт нь 20802.67 нэгж байна.

ТОP-20 индексийн сагсыг бүрдүүлж байгаа УИД (19.5%), Ремикон (15.7%), АПУ (14.5%), Талх чихэр (13.6%), Би Ди Сек (12.1%), Адуунчулуун (11.0%), Монгол цахилгаан холбоо (9.9%), Шарын гол (9.9%), Таван толгой (7.0%), Монголиан девелопмент ресурсес (5.3%), Багануур (4.7%), Баянгол (4.2%), Женко тур бюро (3.3%), Хөх ган (1.1%) зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өмнөх сараас тус тус өссөн байна.

Зах зээлийн үнэлгээ

Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 112.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 119.5 тэрбум төгрөгөөр буюу 5.9 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 1379.7 тэрбум төгрөгөөр буюу 39.5 хувиар буурсан байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид Тавантолгой, АПУ, Шивээ овоо, Багануур, Шарын гол, Бэрх уул, МЦХ, БиДиСек, Говь, УБ БҮК зэрэг компаниуд орж байна. Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 91.6 хувь нь болж байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани нь “Таван толгой” ХК бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 605.6 тэрбум төгрөг болсон байна.

Эх сурвалж: www.mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж