ХЗХ-ны хохирогчид суулт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

ХЗХ-ны хохирогчид суулт хийнэ

Нэгэн үе борооны дараах мөөг мэт дэлгэрч, өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулж, богино хугацаанд арвижуулах гэсэн иргэдээр “тоглосон” гэгдэх хадгаламж, зээлийн хоршоодын асуудал дахин дэгдлээ. 2006 онд хадгаламж, зээлийн хоршоод дампуурахад 26 хоршооны 8000 гаруй хүн хохирч байсан. Улмаар 2008 оноос өмнө хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төр 50 орчим хувийг барагдуулаад байгаа юм. Тиймээс хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчид дахин суулт хийхээр болжээ. Энэ тухай Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунчимэгээс тодрууллаа.
 
-Хохирол барагдуулах ажил ямар шатандаа явж байна?

-Анх 43 тэрбум төгрөгийн хөрөнгө, хохирогчдын мөнгө болох 10 гаруй тэрбум төгрөг, мөн үнэлэгдээгүй лиценз, газар зэргийг битүүмжилсэн. Гэтэл хохирогчид одоо болтол хагас мөнгөө авч чадаагүй байна. Үүнийг бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас асуухад мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн явцад эд зүйлсийг хэтэрхий өндөр үнэлсэн байна гэдэг. Мөн цагдаагийн битүүмжлэлээс 1,6 тэрбум төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан гэж хүлээж аваагүй гэдэг.

-Хоршоодын битүүмжилсэн хөрөнгө хохирогчдын хохирлыг барагдуулахад хүрэлцэх үү?

-Хангалттай хүрэлцэнэ. Хүрэлцэнэ гээд тогтоол ч гарсан. Тэрбум, тэрбумаар тооцогдох хувьчлаагүй газар, лиценз, үл хөдлөх хөрөнгө, машин гээд тоочоод ч барагдахгүй. 100 гаруй машин байгаа. Гэтэл тэдгээрийг зургаан жил хадгалахаар юу болох вэ? Мөн битүүмжилсэн газар, үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулалгүй, бага мөнгөөр хувьчилж байгаа. Хотын А зэрэглэлийн байр хэдэн төгрөг байдаг билээ. Баруун дөрвөн замын хажууд байрлах Голомт хотхоны 180 кв.метр талбайтай байрыг л гэхэд кв.метрийг нь 280 ам.доллараар тооцож, 70 гаруй сая төгрөгөөр худалдсан байсан.

-Хохирогчид эсэргүүцлээ илэрхийлж, суулт хийхээр болсон гэж байна. Хэдийд суулт хийх вэ?

-Бид төрөөс гуйлга гуйгаагүй. Өөрсдийн мөнгөө л авъя гэсэн. Банкны хүүгээр бодвол 70 тэрбум төгрөг биш 200-гаад тэрбум төгрөг нэхэх ёстой. Хаврын чуулганы үеэр Тусгаар тогтнолын ордны үүдэнд нийт хохирогчдын хамт очиж, мөнгөө автлаа суулт хийх бодолтой байна.

                                    Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж