-Хохирол барагдуулах ажил ямар шатандаа явж байна?
-Анх 43 тэрбум төгрөгийн хөрөнгө, хохирогчдын мөнгө болох 10 гаруй тэрбум төгрөг, мөн үнэлэгдээгүй лиценз, газар зэргийг битүүмжилсэн. Гэтэл хохирогчид одоо болтол хагас мөнгөө авч чадаагүй байна. Үүнийг бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас асуухад мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн явцад эд зүйлсийг хэтэрхий өндөр үнэлсэн байна гэдэг. Мөн цагдаагийн битүүмжлэлээс 1,6 тэрбум төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан гэж хүлээж аваагүй гэдэг.
-Хоршоодын битүүмжилсэн хөрөнгө хохирогчдын хохирлыг барагдуулахад хүрэлцэх үү?
-Хангалттай хүрэлцэнэ. Хүрэлцэнэ гээд тогтоол ч гарсан. Тэрбум, тэрбумаар тооцогдох хувьчлаагүй газар, лиценз, үл хөдлөх хөрөнгө, машин гээд тоочоод ч барагдахгүй. 100 гаруй машин байгаа. Гэтэл тэдгээрийг зургаан жил хадгалахаар юу болох вэ? Мөн битүүмжилсэн газар, үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулалгүй, бага мөнгөөр хувьчилж байгаа. Хотын А зэрэглэлийн байр хэдэн төгрөг байдаг билээ. Баруун дөрвөн замын хажууд байрлах Голомт хотхоны 180 кв.метр талбайтай байрыг л гэхэд кв.метрийг нь 280 ам.доллараар тооцож, 70 гаруй сая төгрөгөөр худалдсан байсан.
-Хохирогчид эсэргүүцлээ илэрхийлж, суулт хийхээр болсон гэж байна. Хэдийд суулт хийх вэ?
-Бид төрөөс гуйлга гуйгаагүй. Өөрсдийн мөнгөө л авъя гэсэн. Банкны хүүгээр бодвол 70 тэрбум төгрөг биш 200-гаад тэрбум төгрөг нэхэх ёстой. Хаврын чуулганы үеэр Тусгаар тогтнолын ордны үүдэнд нийт хохирогчдын хамт очиж, мөнгөө автлаа суулт хийх бодолтой байна.