Одон бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Одон бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар МБАТ-ий XIII их наадмыг 2012 оны I-IV сард, дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу МБАТ-ий XIII их наадам өнгөрсөн хоёрдугаар сард боксын тэмцээнээр эхэлж цана, тэшүүрээр үргэлжилсэн бол өчигдөр (03.02) “Оч” теннисний клубт ширээний теннисний тэмцээн эхлэллээ.

Тэмцээнд зургаан бүсээс шалгарсан шилдэг 16 багийн (21 байгууллагa) 102 тамирчин эрэгтэй, эмэгтэй баг, эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн, эрэгтэй, эмэгтэй хос болон холимог хос гэсэн долоон төрлөөр өрсөлдөнө.

Өчигдөр (03.02) багийн төрлийн хэсгийн тоглолтууд болж эмэгтэй, эрэгтэй хагас шигшээд өрсөлдөх шилдэг дөрвөн баг тодроод байна. “А” хэсгээс "Алдар" спорт хороо, “В” хэсгээс Баянгол дүүргийн баг, “С” хэсгээс “Хүч” спорт хорооны баг шалгарсан бол “D” хэсгээс Чингэлтэй дүүргийн баг шалгарлаа.

Мөн эмэгтэй багийн тоглолтод хагас шигшээд "Баянгол дүүрэг", "Алдар", "Хүч" спорт хороо, "Аврагч" багууд шалгараад байна.

Багийн төрлийн аваргууд өнөөдөр (03.03) тодрох бөгөөд хосын төрөл болон ганцаарчилсан төрлийн аваргууд маргааш тодорно.

Энэ үеэр Баянхонгор аймгаас хүрэлцэн ирж тоглож буй спортын мастер Б.Эрдэнэсувдтай ярилцлаа.

-Баянхонгор аймгийн багаас хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бэ?

-Нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Эмэгтэй баг маань “Баруун бүс”-ийн тэмцээнээс нэгдүгээр байраар шалгарсан. Сая 1/8-д Баянгол дүүргийн багт хожигдлоо. Миний хувьд маргааш (03.04) ганцаарчилсан төрөлд тоглоно.

-Танай багийн хувьд 2011-2012 оны МШТХ-ны лигийн тоглолтод оролцсон. Энэ талаар?

-Тиймээ, манай багийн хувьд нэгдүгээр сард өндөрлөсөн лигийн тоглолтод хөдөө орон нутгаас анх удаа тоглосон нь их онцлог болсон. Учир нь лигийн тоглолтод чансаа өндөртэй тамирчдаар бүрдүүлсэн баг тоглох ёстой. Тиймээс манай багт өсвөрийн шилдэг 8-т багтдаг спортын дэд мастер Б.Сийлэгмаа, спортын дэд мастер Б.Дэмбэрэлзалуу болон миний бие насанд хүрэгчдийн шилдэг наймд багтсан учир манай баг лигийн тоглолтод оролцох эрх авсан.

-Таны амжилтын тухайд?

-2005-2009 онд Монгол Улсын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 2005, 2006, 2008 оны эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-д оролцож байсан. 2010 онд спортоосоо түр хөндийрөөд 2011 оноос Баянхонгор аймгийн БТСГ-д дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Дараагийн тэмцээний тухайд?

-Маргааш (03.04) бүх ард түмний наадмын ганцаарчилсан төрөлд тоглоно. Мөн эмэгтэй хосын төрөлд хүрэл медалийн төлөө тоглохоор болоод байна. Энэ сарын сүүлээр Герман улсад болох багийн ДАШТ-нд оролцоно. Монголын эмэгтэй багийн хувьд өнгөрсөн жилийн ДАШТ-ээс Д-зоноос С зон руу шилжин тоглож байгаа. Тиймээс бид амжилтаа улам ахиулах бодолтой байгаа. Эмэгтэй багт ОУХМ Б.Батхишиг, спортын мастер А.Анх-Эрдэнэ болон спортын мастер М.Дэлгэрмаа нарын тамирчид багтсан.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж