Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Увс, Дорноговь, Завхан, Говьсүмбэр аймагт 1.8-28.3 хувиар буурч, нийслэл, Орхон, Өмнөговь, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Архангай, Төв, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Хэнтий аймагт 2.9-71 хувиар нэмэгджээ.
Ял шийтгүүлэгчид Сүхбаатар, Дорноговь, Завхан аймагт 16,4-22,2 хувиар буурч, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Нийслэл, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Говь-Алтай, Архангай, Булган, Баян-Өлгий, Хэнтий, Хөвсгөл аймагт 2.6-81.2 хувиар өссөн байна. Анхаарал татаж байгаа эрүүгийн хэргийг авч үзвэл хүнийг санаатай алах 242 гэмт хэрэгт 269, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 290 гэмт хэрэгт 294, бусдын эд хөрөнгийг хулгайлах 1282 гэмт хэрэгт 2227, танхайрах 863 гэмт хэрэгт 1327, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 222 гэмт хэрэгт 437, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 865 гэмт хэрэгт 888, албан тушаалын 22 гэмт хэрэгт 33, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 35 гэмт хэрэгт 54 хүн тус тус ял шийтгүүлжээ.
Эдгээр төрлийн гэмт хэрэг таслан шийдвэрлэсэн нийт хэргийн 65 хувь, ял шийтгүүлэгчдийн 67,3 хувийг эзэлж байгаа бол бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн нийлбэр нь нийт хэргийн 51,2, ял шийтгүүлэгчдийн 54,1 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн оныхоос бусдыг санаатай алсан гэмт хэрэг 0,8, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 11,2, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 12,1, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 38,6 хувиар буурсан бол, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 3,8, танхайрах гэмт хэрэг 6,9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15,2, албан тушаалын гэмт хэрэг 37,5 хувиар тус тус өсчээ.
Ял шийтгүүлэгчдийн дотор насанд хүрээгүй хүн 542, эмэгтэйчүүд 724, гадаадын харьяат 27 байна. Мөн урьд ял шийтгүүлсэн 1460, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 1465, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 1704, ажил сургуульгүй хүмүүс 5493 байгаа аж.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 13 тэрбум 855 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 589 хүний амь хохирч, 2562 хүний биед гэмтэл учирчээ.
Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл хорих ялаар 6357, торгох ялаар 271, албадан ажил хийлгэх ялаар 476, баривчлах ялаар 1023, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр 73 хүн тус тус шийтгүүлжээ.
Ял шийтгүүлэгчдийн 77.4 хувьд хорих, 5.8 хувьд албадан ажил хийлгэх, 12.5 хувьд баривчлах, насанд хүрээгүй 73 этгээдэд буюу 0,9 хувьд нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан аж. Мөн 3.3 хувь буюу 271 хүнийг 2 тэрбум 483 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. 2781 хүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь хорих ял шийтгүүлэгчдийн 43,7 хувь нь болж байна.
Хорих ялыг биечлэн эдлүүлсэн ба баривчлах ялаар шийтгүүлсэн хүн 3804 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 46,3 хувийг эзэлж байна.
Шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг 402 хүнд хэрэглэж 103,1 сая төгрөг гаргуулсны дээр, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг 628 хүнд нэмэгдэл ялын чанартайгаар оногдуулжээ.
Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 2781 хүний 70,1 хувийг жирийн, 28,0 хувийг чанга, 1,6 хувийг онцгой дэглэмд, гянданд 0,3 хувийг ял эдлүүлэхээр тогтоожээ.
Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 2159 хэрэг хүлээн авснаас 2032 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны журмаар эрүүгийн 822 хэрэг хүлээн авснаас 704 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсний 259 нь прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг байна. Үүний 248 нь цагаатгалын хэрэг байгаа юм.
Хянан шийдвэрлэсэн нийт 30368 хэргийн 10920 буюу 36 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар, 18769 буюу 61,8 хувийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг Увс, Төв аймагт 0,1-6,4 хувиар нэмэгджээ. Харин Нийслэл, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Өмнөговь, Хэнтий, Дархан-Уул, Архангай, Дундговь, Хөвсгөл, Ховд, Завхан, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Говь-Алтай аймагт 0,4-52,9 хувиар буурчээ.
Хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл иргэний эрх зүйн маргаан 11568, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 11152, гэр бүлийн эрх зүйн маргаан 4449, хөдөлмөрийн эрх зүйн маргаан 897, бусад эрх зүйн маргаан 2302 байна.
Нийт хэрэгт иргэний эрх зүйн маргаан 38,1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн маргаан 36,7, гэр бүлийн эрх зүйн маргаан 14,7, хөдөлмөрийн эрх зүйн маргаан 2,9 хувийг тус тус эзэлж байна.
Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар 1925 хэрэг хүлээн авснаас 1830 хэргийг хянан шийдвэрлэсэн аж.
Захиргааны хэргийн шүүхүүд 2011 онд 1556 нэхэмжлэл, гомдол хүлээн авч, 403 нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх буюу захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчид нь буцааж, 891 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 140 хэргээр буюу 13,6 хувиар буурчээ.
Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг Нийслэл, Ховд, Дорноговь, Увс аймагт 0,2-45,5 хувиар нэмэгдэж, Орхон, Архангай, Дархан-Уул, Сүхбаатар, Баян-Өлгий, Дундговь, Дорнод, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Говьсүмбэр, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Завхан аймагт 2,6-91,7 хувиар буурчээ. Харин Өмнөговь аймаг өмнөх оны мөн үетэй адил байна.
Хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг маргааны төрлөөр авч үзвэл газрын маргаан 228, Төрийн албаны тухай хуулиар 139, ашигт малтмалтай холбоотой маргаан 86, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 83, татварын маргаан 76, тендерийн маргаан 38, сонгуультай холбоотой маргаан 10, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 11, бусад маргаан 220 байгаа аж.
Давж заалдах шатны журмаар захиргааны 551 хэрэг хүлээн авч, 492 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс, 8 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэжээ.
Үүнээс шинээр байгуулагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 388 хэрэг хүлээн авч, 353 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс, 5 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэсэн аж.
Хяналтын шатны шүүх 331 хэрэг хүлээн авснаас 240 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 70 хэргийг хянан хариу өгчээ. Хянан хэлэлцсэн 240 хэргээс 12 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэсэн байна.
Тайлангийн хугацаанд шүүхүүд ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай 1474 материалыг хянан хэлэлцэж, 36 санал дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, 895 хоригдлыг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь тэнсэн суллаж, 32 хоригдлын хорих ялыг хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар сольж, 511 хоригдлын ял эдлэх дэглэмийг өөрчилжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 715 сэжигтнийг баривчлах тухай материалыг хүлээн авч, 679 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгож, 36 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 2222 хүнийг сэжигтнээр, 2173 хүнийг яллагдагчаар цагдан хорьж, 305 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан аж.
Иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжид 2 тэрбум 417,6 сая төгрөгийг улс, орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Анхан шатны шүүхүүд нийт 67706 хэрэг, маргааныг шийдвэрлэсний дотор эрүүгийн 6338, иргэний 39018, захиргааны 1294 хэрэг, 13452 захиргааны зөрчил, ялтныг ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай 1474 хүсэлт, 6130 хүнд баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох эсэх тухай асуудал хэлэлцжээ.
Ерөнхий харъяаллын анхан шатны шүүх болох сум, сум дундын шүүхийн нэг шүүгч жилд дунджаар 211, дүүргийн шүүхийн нэг шүүгч дунджаар 358 хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн байна.