Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 30 тонн цайруулсан самрыг БНХАУ руу гаргах гэж байсан хятад, монгол залуусыг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Самрын эздээс цагдаагийн байгууллагын дөрвөн ажилтан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгагдаж эхэлсэн. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байтал хоёр сарын 25-нд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суугч н.Сайнбаяр, н.Баянтөр нарын гурван хүн 500 уут буюу 20 тонн хуш модны самрыг хилээр гаргахаар завдсан байна. Тэднийг Халх гол сумын Баянхошуу боомтоор гарах гэж байхад нь баривчилжээ. Сэжигтнүүдийг Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ан амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хууль бус худалдаатай тэмцэх хяналт шалгалтын баг илрүүлсэн байна. Улмаар машины улсын дугаар, гэрчилгээ, жолооны үнэмлэх хураан аваад Дорнод аймгийн төв рүү явах санал тавин араас нь дагаж явсан байна. Гэтэл бүрэнхий болмогц гэрлээ унтраан зугтаасан байна. Хоёр өдрийн дараа өөрийгөө самрын эзэн гэх н.Сайнбаяр ирж мэдүүлэг өгчээ. Түүний мэдүүлсэнээр “20 тонн самар одоогийн байдлаар Улаанбаатар хотод байгаа” гэсэн байна. Эх сурвалжаар Сүхбаатар аймгийн Хишигтийн боомтоор хууль бусаар гаргасан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.
Д.Жаргалсүрэн