
Уг хуралд монгол суу ухааны “Манукол” академийн эрдэмтэдийн зөвлөлийн эрдэмтэн судлаачид болон тус академийн Хатан хуралдайн гишүүд, мөн Хатан ухаан танхимын гишүүдээс гадна монгол хатдын чиглэлээр судалгаа хийдэг бусад эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр хамруулсан байлаа. Тус хурлыг агуулгын талаас нь авч үзвэл, үе үеийн монгол эмэгтэйчүүд тархи оюун, эрдэм ухаанаараа өрх гэрээ төвхнүүлэхээс эхлээд улсыг засах, төрийг төвшитгөх үйл хэрэгт өөрсдийн зохих хувь нэмрээ оруулж явсан түүхэн уламжлалаас суралцах, түүнийг сэргээхэд чиглэгдэж байлаа. Энэ нь эдүгээ цагийн монгол эмэгтэйчүүдэд нэн ихээр үгүйлэгдэж байгаа өөрөөр хэлбэл, тэдний хөгжил боловсролын цоорхой руу “загатнасан газрыг” нь олж, онилсон гэмээр цаг үеэ олсон, оновчтой ажил байв. Хэрэв зэ, өнөөгийн монгол эмэгтэйчүүд бүгдээрээ хатан ухаанд суралцан боловсорч чадваас энэ Монгол улс үндэстэн сэргэн мандахад ойрхон мэт санагдлаа.