Үнэрч нохойг сургахад утаа саад болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Үнэрч нохойг сургахад утаа саад болж байна

Сүүлийн үед Хил болон Гааль дээр гарч байгаа зөрчлийг сургуультай нохой ашиглаж илрүүлэх нь ихэссэн. Нохойн үнэрлэх чадвар хүнийхээс долоон мянга дахин илүү байдаг нь орчин үеийн ийм төрлийн багаж төхөөрөмжийг бүрэн орлож чаддагтай холбоотой юм. Тиймээс манайд төдийгүй гадаадын улс орнуудад хар тамхи, мансууруулах бодис болон Хил, Гаалиар хориглосон барааг илрүүлэхэд сургуультай нохойг ашиглах болсон.

Нохойны эрүүл мэнд, тархины ажиллагаа, хамрынх нь үнэрлэх чадварыг мэргэжилтэн шалган үзээд хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх ажил дээр түлхүү ашиглаж байна. Одоогийн байдлаар Гаалийн Ерөнхий Газрын дэргэдэх "Эрэлч нохой"-н тасагт 40 гаруй нохой ажиллаж байгаа аж. Эдгээр нохдын заримыг Азербайжан, Япон, Солонгос, Унгар зэрэг орноос авчирсан байна.

Нохойны дундаж наслалт 12 жил байдаг ба одоо ашиглаж байгаа нохдоос хамгийн хөгшин нь есөн настай аж. Орчин үеийн эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагаас шалтгаалж нохойн үүлдэрүүд шинэчлэгддэг байна. Тухайлбал, 1970 оны үед Овчарк, Спанель зэрэг нохойг ашиглаж байсан бол 1990 оны сүүл үед Лабрадор нохойны хэрэгцээ ихэсчээ. Харин сүүлийн үед Бельги Овчаркны хэрэгцээ нэмэгдэж байгаа аж.

Гадаадаас авчирсан ноход манай орны цаг агаар, уур амьсгалд дасан зохицох чадвар сул байдаг учир орчин нөхцөлдөө дасан зохицсон гэдэг утгаараа Монголд байсан ноход илүү үүрэг гүйцэтгэдэг байна. Харин нохой сургах мэргэжилтэн манай улсад ховор гэнэ. Энэ нарийн мэргэжлийг төгс эзэмшихийн тулд олон жилийн дадлага туршлага шаардагддаг аж.

Баянхошууны нутаг дэвсгэрт байрлах одоогийн нохойн сургалтын төвийг шинэчлэхээр Гааль болон Хил хамгаалах газрууд хамтран гэрээ байгуулжээ. Нохой үнэрлэж сурахад нийслэлийн утаа саад болж байгаа тул сургалтын газрыг хотоос шилжүүлэх болсон байна. Тиймээс Гаалийн ерөнхий газрын ажлын хэсэг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран нохойн сургалтын төвийг хилийн цэргийн 0151-р анги руу нүүлгэхээр болжээ.

Одоогийн сургалтын төвийн талбайн хэмжээ 0,5 га бол шинээр баригдах төв үүнээс долоо дахин том байх бөгөөд зураг төслийн ажил нь бэлэн болоод байгаа аж. Барилгын ажил энэ хавраас эхлэх бөгөөд есөн сарын 17-нд Хилийн цэргийн баярын өдөр ашиглалтад орох юм байна.

Э.Саруул

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж