
“Барьцаат хэлцлийн шинэчлэл” зөвлөмж төслийг Олон Улсын Санхүүгийн корпорациас гаргаж байгаа бөгөөд энэ дагуу болсон уулзалтын гол зорилгыг хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын туршлага солилцох, Монгол Улсад энэхүү үйл ажиллагааг хэрхэн сайжруулах арга замын талаар харилцан санал бодлоо солилцох хэмээн тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл хөдлөх хөрөнгийн баталгаа буюу барьцаат хэлцлийн эрх зүйн орчинг бий болгохыг түргэтгэх гэнэ.
Дэлхийн банкнаас хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд, жижиг дунд бичил үйлдвэрлэл эрхлэгчид болон үйлдвэрүүд ихэвчлэн барьцаа хөрөнгөгүй байдаг ба хөрөнгө нь шаардлага хангадаггүй тул зээл авч чаддаггүй байна. Энэхүү барьцаат хэлцлийн тухай асуудал шинэ ойлголт бөгөөд, цаашид улам сайжруулах шаардлагатай ч гадаадын улс орнууд банкны системэндээ нэвтрүүлсэнээр бизнес эрхлэгч нарын талархлыг ихээхэн хүлээж байгаа. Түүнчлэн Монголд хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа ч гэсэн эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа тухай Монгол банкны Мөнгөний бодлого, Судалгааны газрын дарга Д.Болдбаатар уулзалтын үеэр онцолж байлаа.
Барьцаат хэлцлийн тухай Монгол Улс дахь ОУСК-ийн Зөвөлгөө өгөх үйлчилгээний санхүүгийн хүртээмж хөтөлбөрийн менежер Жин Чнг Лайгаас асуултанд хариулт авлаа.
-ОУСК Монголын банк санхүүгийн, тэр дундаа өнөөдрийн сэдэв болох барьцаат хэлцлийн буюу банкны баталгааны өнөөгийн дүр зургийг хэрхэн харж байна вэ?
-Хөгжиж буй олон оронд, тэр тусмаа Монгол улсад энэ талаарх хууль эрх зүйн зохицуулалт сул, хараахан хөгжөөгүй байгаа, мөн санхүүгийн байгууллагуудын дунд барьцаат хэлцлийг ашиглах боломжийн талаар мэдлэг хомс байна. Монгол банк зөвхөн байшин барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг банкны баталгаанд тооцдог. Гэтэл жижиг дунд үйлдвэрүүдийн хөрөнгө нь ихэвчлэн дансны авлага, бараа материал гэх мэт хөдлөх хөрөнгөөс бүрддэг. Хэрэв эдгээр ашиглах боломжтой боловч ашиглагдахгүй байгаа зах зээлийн барьцаа хэлбэрээр ашиглаж, эргэлтэнд оруулбал Монголын жижиг дунд үйлдвэр-үүд санхүүжилт авч чадахгүй байгаа гол бэрхшээлийг арилгахад том хувь нэмэр болох юм.
-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Монгол улс хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үндсийг тавьсан боловч цаашид шинэчлэл хийх шаардлагатай. Үүний тулд хөдлөх хөрөнгөд голчлон дансны авлага, тухайлбал, ноолуурын компанийн худалдан авалтын захиалга болон зээлийн борлуулалт,, бараа бүтээгдэхүүн, ашигт малтмалын нөөц, тоног төхөөрөмж зэргийг банкны баталгаанд тооцох хууль эрх зүйг бий болгох хэрэгтэй. Гэвч зөвхөн хууль эрх зүйн орчинг бий болгочихоод хөдлөх хөрөнгийн барьцаат салбарыг хөгжүүлнэ гэсэн үг биш. Ингэхдээ Засгийн газар яам агентлагуудтай хамтарч, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдлөх хөрөнгийн бүртгэл, сурталчилгаа, энэ талаарх мэдлэг, мэдээллийг таниулах шаардлага бий.
-Ер нь, эрх бүхий албанаас хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэл, лавлагааны үйлчилгээ үзүүлдэггүй. Бараа материалын барьцаа гэдэгт зээлдэгчийн ажлын байр, агуулах болон дэлгүүр дэх бүх эргэлтийн бараа материал, бүтээгдэхүүн багтдаг юм. Энэ төрлийн барьцааны хувьд тасралтгүй өөрчлөгдөж байдаг бараа материалын үлдэгдлийг хэрхэн барьцаалах вэ, хөдлөх гэдгээрээ үрэгдэж алга болвол дараах эрсдийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал тулгардаг.
-Барьцаа болсон хөдлөх хөрөнгөд ямар шаардлага тавих вэ?
-Аливаа бүтээгдэхүүн, эд материал нь зах зээл дээр түргэн борлогдох чадвартай, хөрөнгийг бага зардал, цөөн шат дамжлагатайгаар шинэ эзэмшигчдэд шилжүүлэх боломжтой, барьцаа хөрөнгө нь зээлдэгчийн хувьд хамгийн чухал, үнэ цэнэтэй байх ёстой. Нэг үгээр бол энэ нь итгэлцлийн асуудал юм.
-Эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна гэсэн ерөнхий асуудал гарч байна. Банкинд тулгарах эрсдлийг хамгаалахын тулд хийх хэрэгтэй бол?
-Тодорхойлох боломжтой хөрөнгийн барьцааг бүртгүүлэх,чанаргүй зээлийг нөхөн төлүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийг захиран зарцуулах чадвартай байх. Барьцаалсан хөрөнгийг зарж борлуулсаны дараа зээлийг бүрэн багадуулах хэмжээнд хүрэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөөр зээлээ төлүүлэх боломж нээлттэй байх. Түүнчлэн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээнд банк нөхөн төлбөр хүлээн авагч этгээдээр орох боломжтой байх асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгаа юм.