Үгийн уран, утгын чимгээр утга зохиолын их “хаад”-тай цэцэлж яваа нэгэн бол Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр юм. Монгол хэлний үгсийн сан яндашгүй арвин ч утга яруу монгол үгс ховорхон уншигдаж, бас хааяахан сонсогдох болсон энэ цагт түүний зохиол бүтээлүүд нэн үнэ цэнэтэй санагдана. Тиймээс ч Д.Урианхай авхай “Буянт голын хөвөө, баруун Алтайн уулс дундаас ийм нэгэн монгол зохиолч тодрох учиртай байж. Монгол хэлнийхээ яруу сайхан хийгээд гүн утгыг мөн чиг мэдэрч бичих юм аа” хэмээн олзуурхсан биз. Харин барагтайд үг унагаж, үнэлэмжээ илэрхийлдэггүй Л.Түдэв гуай “Монголын утга зохиолын хаалгаар жинтэйхэн бүтээл өвөртөлсөн авьяас билэгт хөвгүүн орж ирлээ” хэмээн анхны ном болох “Бүтэн”-д нь үгэн мялаалга өргөсөн билээ. Өөр нэгэн эрхэм түүнийг “Монгол хэлний хүүдий” хэмээсэн байх юм. Орчуулагч Ж.Нэргүй ийн дуу алдсан нь ямар учиртай юм бол. Тэрбээр зохиолч Б.Золбаярыг “Сайхан монгол үг, монгол чөмөгтэй утгыг түүний бичлэгээс хардаг. Утга төгс илэрхийлэх чадвар нэн өндөр. Зүйрлэж хэлбэл, товруу юуг нь гялалзуулаад бөгж, гархийг сондорлуулсан мөнгөн хазаар аятай урлана. Амьд халуун, сэтгэлд дотно ойр бичнэ. Дүйцүүлж хэлбэл, унаганы уруул тэмтэрч, ишиг майлахыг сонсох мэт болно. Бас хүүхэд бүүвэйлэх мэт энхрий аялгуутай” хэмээн үнэлжээ. Б.Золбаярын бүтээлүүдийг уншсан хэнбугайд ч ийм мэдрэмж, омогшил төрсөн биз. Зарим нэгнийх нь аньсага чийгтсэн нь ч цөөнгүй байх. Учир нь Баастын Золбаяр бол утга зохиолын их ертөнц дэх уянгын дууч юм. Тэрбээр саяхан “Бүгээн” хэмээх номоо уншигчдын хүртээл болгожээ. “Монгол хэлний хүүдий” маань энэхүү номдоо “Мэлмийн солонго”, “Уйтан дорнын талст”, “Бундан зүрхний дүмбэн”, “Үлэмж өрнийн титэм” зэрэг содон нэртэй, сонирхолтой бүтээлүүдээ багтаажээ. Эрхэм уншигч та энэ номыг заавал уншаарай.
С.Баттулга
"Улс төрийн тойм" сонин