Баярын өдрүүдэд 402 эх амаржжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Баярын өдрүүдэд 402 эх амаржжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны хоёрдугаар сарын 15-ны
өдрийн А/17 тоот “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай”
тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу баярын
амралтын өдрүүдэд болон амралтын өдрүүдэд НЭМГ, дүүргийн болон өрхийн
эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүрүүдийг ажиллуулсан. Энэ хугацаанд нийт
402 эх амаржсан ба үүнээс 219 хүү, 183 охин төрсөн байна. Баярын
өдрүүдэд осол гэмтэл 494, хоолны хордлого нэг, архины хордлого 292,
осголт хөлдөлт 11 тус тус гарсан байна. Архины хордлогыг тусгайлан авч
үзвэл нийт 292 гарсны 90 нь буюу 30,82 хувь нь хоёрдугаар сарын 24-ний
өдөр буюу шинийн 2-ны өдөр гарсан байна. Түүнчлэн эдгээр өдрүүдэд нийт
1254 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол 1357 хүн эмнэлгээс гарчээ. Мөн
энэ хугацаанд хүүхдийн түргэний дуудлага 4346 гарсан байна. Үүнээс
томуу, томуу төст өвчний дуудлага 2823 буюу нийт дуудлагын 64,9 хувийг
эзэлжээ. Энэ хугацаанд иргэдээс утсаар 14 гомдол ирүүлсэнийг
хариуцлагатай жижүүрүүд илтгэх хуудсандаа дурьдсан байна. Нийт ирүүлсэн
14 гомдлын 13 нь буюу 92,8 хувь нь дүүргүүдийн хүүхдийн түргэний үйл
ажиллагаатай холбоотой гарчээ. Нийт гомдлын 7,14 хувь нь буюу нэг гомдол
нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гарсан байна. Хүүхдийн
түргэний үйл ажиллагаатай холбоотой гомдлын 46,1 хувь нь буюу зургаа нь
Сонгинохайрхан дүүргийн ЭМН-ийн Хүүхдийн түргэний үйл ажиллагаатай
холбогдон гарсан байна. Хүүхдийн түргэний үйл ажиллагаатай холбоотой
гомдлын 30,7 хувь нь буюу дөрөв нь Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн хүүхдийн
түргэний үйл ажиллагаатай холбоотой гарсан бол Баянзүрх, Баянгол
дүүргийн ЭМН-ийн хүүхдийн түргэний үйл ажиллагаатай холбоотой гомдол тус
тус хоёр гарчээ. Гомдлын нийтлэг утга нь хүүхдийн түргэн утсаа авахгүй
байна, өөрсдөө ирж үзүүл, өдөр үзсэн учир эмээ сайн өг, очиж үзэх
шаардлагагүй, утсаар дуудлага өгсөн аавыг 20 минут загнасан гэх мэт
агуулгатай гомдлууд байжээ. Иймд хүүхдийн түргэнийг гадагшаа гардаг
утсаар хангах мөн эмч эмнэлгийн ажиллагсадын харилцаа хандлагад анхаарч
ажиллах шаардлагатай байгаа нь иргэдээс ирүүлсэн гомдлоос ажиглагдсан
хэмээн НЭМГ-ын хариуцлагатай жижүүр тэмдэглэл хөтөлжээ. Мөн иргэдээс
ирүүлсэн нийт гомдлын дагуу холбогдох албан тушаалтнуудтай холбогдон
гарсан алдаа зөрчлийг цаг тухайд нь арилгуулан гомдлыг барагдуулан
ажилласан байна. Мөн хоёр хүсэлт ирсэн бөгөөд тухай бүрт нь барагдуулан
ажилласан байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг
хүртэлхи жижүүрийн хугацаанд “Баянгол дүүргийн иргэн умайн ерөндөг
тавиулсанаас цус алдаад байна. Одоо ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн
эмнэлэг хаана байгааг тодруулж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу тус
дүүргийн ЭМН-ийн түргэнтэй холбогдон хүсэлтийг нь барагдуулжээ. Мөн
шинийн 1-ний 09 цагаас 21 цаг хүртэлхи жижүүрийн хугацаанд баярын
өдрүүдэд ажиллаж байгаа эмийн сангуудын талаархи мэдээллийг авахыг
хүссэн иргэний хүсэлтээр ЭМГ-ын эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн чанар,
аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ж. Энхбаяртай холбогдон мэдээлэл
авч тухайн хүсэлт тавьсан иргэнийг 1893 дугаарын лавлахтай холбогдож
мэдээлэл авахыг уламжилж хүсэлтийг нь барагдуулжээ. Баярын өдрүүдэд
Монгол Улс маань 402 иргэнээр бүл нэмсэн ч нэг эхнас барсан харамсалтай
хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн ЭМН-ийн хүлээн авахад хоёрдугаар
сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00.00 цагийн үед 32 настай, 24-25 долоо
хоногтой жирэмсэн К.Шарболия гэх эмэгтэй зүрх, амьсгал зогссон байдалтай
ирсэн байна. Түүнийг сэхээн амьдруулах арга хэмжээг авсан боловч нас
баржээ. Талийгаачийг тэр даруйд нь шүүх эмнэлэгт хүргэсэн бөгөөд Шүүх
эмнэлгийн дүгнэлтээр астмойдный статусаар нас барсан болохыг тогтоожээ.
Талийгаач урьд нь хоёр удаа бамбай булчирхайн хагалгаанд орж байсан ба
дууны хөвч гэмтэж сөөнгө хоолойтой болсон байсан гэх мэдээллийг тухайн
үед өгсөн байна. Түүнчлэн эхийг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 14.00
цагийн үед ЯТТТ-ийн эмч очиж үзсэн боловч өөрсдөө хэвтэхгүй гэж гарын
үсгээ зурж өгөөд явуулсан ажээ. Үүнээс гадна Баянгол дүүргийн ЭМН-ийн
хүүхдийн түргэнд 02-р сарын 25-наас 26-нд шилжих шөнө хоёр хүүхэд
орцондоо тоглож байгаад нэг хүүхэд нь хөдөлгөөнгүй болсон гэсэн
дуудлагын дагуу очиход эрэгтэй хүүхэд нас барсан байжээ. Дуудлагын дагуу
цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Баярын өдрүүдэд
ажилласан хариуцлагатай жижүүрүүдээс яаралтай үед утасны картаар
холбогдох түвэгтэй байсан, холбогдох байгууллагуудын утасны дугаар
хангалтгүй, харьяа байгууллагуудын хариуцлагатай жижүүрүүдийн утас
байхгүй байсан зэрэг нь шуурхай ажиллахад хүндрэл учруулж байсан гэсэн
саналуудыг гаргажээ.

http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж