Талархлын захидал ирүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Талархлын захидал ирүүллээ

2011 оны 12 дугаар сард Монгол Улсын Их хурал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколыг сайшаан дэмжсэн шийдвэр гаргасантай холбогдуулж Цаазаар авах ялыг халах олон улсын хорооны Ерөнхийлөгч ноён Фредрик Мэйороос Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид талархлын захидал ирүүлжээ.

Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа

Цаазаар авах ялыг халах олон улсын хорооны дэмжигч бүлгийн Ерөнхийлөгч асан, Элчин сайд ноён Рафел Валли Гарагорид Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II проmоколыг Монгол Улсын Их Хурал дэмжсэн саналын тухай 2012 оны 1 дүгээр сарын 23-нд таны ирүүлсэн захидалд талархаж байгаагаа илэрхийлье.

Миний бие Цаазаар авах ялыг халах олон улсын хорооны Ерөнхийлөгчийн хувьд цаазаар авах ялаас татгалзах чиг хандлагыг бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд улам бүр бэхжүүлэх Та бүхний энэхүү чухал алхмыг халуун дотноор хүлээн авч байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколыг нэн даруй хэрэгжүүлж шаардлагатай арга хэмжээг авснаар Монголын парламентын дэмжсэн санал олон улсад үнэлэгдэх болно.

Олон улсын холбогдох стандартыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс эрүүгийн хуульдаа нэн даруй өөрчлөлт оруулах нь зүйтэй юм. Үүний тулд шаардлагатай бүхий л зүйлээр туслахад бид бэлэн  бөгөөд энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Ийм арга хэмжээ авснаар Монгол Улс цаазаар авах ялыг бүрэн халсан улс орон  болж чадна гэдэгт бид бүрнээ итгэж байна.

Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа бусад улс орон энэхүү ялаас бүрэн татгалзахад Та бүхний гаргасан дээрх түүхэн шийдвэр ихээхэн түлхэц үзүүлж урам зориг өгнө гэдэгт бид эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж