-Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн сард Европын цуврал тэмцээнд оролцоод ирлээ. Энэ талаар ярихгүй юу?
-Бид бүтэн сарын хугацаанд жүдо бөхийн Европын цуврал тэмцээн зодоглоод өчигдөр (уржигдар) эх орондоо ирлээ. Эхлээд Парисын “Их дуулга”, дараа нь Австри, Унгарын Дэлхийн цом, Дюссельдорфын Гранпри, хамгийн сүүлд Польш, Чех улсад болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож, нийт хоёр алт, зургаан мөнгө, 10 хүрэл медаль хүртсэнээс гадна есөн удаа шагналт байрт орсон.
-Францын эрэгтэй жүдочид манай оронд хамтарсан бэлтгэл хийхээр ирлээ. Манай тал хүсэлтээ хэзээ тавьсан юм бэ?
-Дэлхийн таван удаагийн аварга Тедди Ринер тэргүүтэй Францын эрэгтэйчүүдийн шигшээ баг нийт 12 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй манай оронд хөл тавилаа. Ер нь Монголын жүдо бөхийн холбоо Францын жүдо бөхийн холбоонд эртнээс олон удаа хүсэлт тавьсан. Ялангуяа өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-ий үеэр хамтарсан бэлтгэл хийх талаар нааштай хариу сонссон. Тэгээд сая Европын цуврал тэмцээний дараа Францын эрэгтэй жүдочид манайд хамтарсан бэлтгэл хийх болсноо албан ёсоор мэдэгдсэн. Үүнд МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, гүйцэтгэх захирал М.Бөхбат нар маш сайн ажилласныг талархах хэрэгтэй байх.
-Францын шигшээ баг хүчтэй бүрэлдэхүүнээ Монголд илгээжээ. Хамтарсан бэлтгэлийн үр дүн ямар байх бол?
-Тийм ээ. Энд ирсэн тамирчид бүгд олимп, тив, ДАШТ-д зодоглосон, хүчтэй бүрэлдэхүүнтэй баг ирлээ. Ялангуяа жүдогийн одоо цагийн хамгийн шилдэг бөх Тедди Ринер Монголд ирсэн нь тун олзуурхууштай. Манай шигшээ багийн тамирчдад энэ хамтарсан бэлтгэл үр дүнгээ өгнө гэж бодож байгаа.
-Цаашид ямар орны багтай хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид олимпийн өмнө Япон, БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж, хүсэлт гаргаад байгаа. Энэ нь нааштайгаар шийдэгдэх байх.
-Одоогоор манайхан хэдэн жинд эрх аваад байна вэ?
-Эрэгтэйчүүдийн 60, 66, 73, -100, эмэгтэйчүүдийн 48, 52, 63, -78 кг-ын жинд эрхээ бараг авчихсан. Ирэх дөрөвдүгээр сарын 26-29-нд Узбекистаны Ташкентэд Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй. Үүний дараа олимпод оролцох жүдочдын нэрийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) зарлана. Бид тивийн аваргаас хоёроос гурван жинд эрх нэмж авах төлөвлөгөөтэй байгаа.
-Тивийн аваргад оролцох жүдочдыг хэрхэн сонгох вэ?
-Яг тодорхой шийдвэр гараагүй байгаа. Үүнээс өмнө МЖБХ-ны Удирдах зөвлөл болон дасгалжуулагчдын зөвлөл хуралдаад шийдвэрээ гаргах байх. Ер нь олимпийн эрх авсан жинд Монголын бүх ард түмний спортын XIII Их наадмын аваргуудыг явуулна. Харин бусад жинд олимпийн оноонд ойрхон байгаа тамирчдаа явуулах байх.
-XIII Их наадмын жүдо бөхийн тэмцээн хэзээ болох вэ?
-Энэ сарын 28-29-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
“Өдрийн шуудан” сонин