Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд уг нэхэмжлэлийг өнгөрөгч онд хэлэлцээд Засгийн газрыг буруугүй гэж үзсэн юм. Шүүхийн дээрх шийдвэрийг Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн эсэргүүцэж, шат, шатны шүүхэд хандсанаар Засгийн газрыг хууль хэрэгжүүлэх ёстой гэсэн шийдвэр гарсан билээ. Гэтэл өнгөрөгч хугацаанд Засгийн газар дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй өдийг хүргэсэн тул Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн дахин хяналтын шатны шүүхэд хүсэлт гаргасан байна. Энэ талаар Онги гол хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяраас тодрууллаа.
-Та бүхэн Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна хэмээн хяналыин шатны шүүхэд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтэд хариу өгсөн үү?
-Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Оюунтуяа Засгийн газрыг хариуцагчаар татсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна лээ. Улсын Дээд Шүүх 2011 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын нэхэмжлэгчээр татсан хурлын хоёр шатны шүүхээс гаргасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, байгаль орчинд үзүүлсэн хохирлыг Засгийн газар барагдуулах үндэслэлгүй” гэсэн шийдвэрийг өөрчилж, 55 дугаар тогтоол, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох шийдвэр гаргасан. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байтал өнөөдрийг хүртэл нэг ч алхам хийгээгүй учир бид дахин хандсан.
Хөдөлгөөнийхөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Монгол Улсын Засгийн газарт Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7-2, 11 дүгээр зүйлийн 1-6-д заасан үүргийнхээ дагуу Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голын сав газарт байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож, олон нийтэд зарлахыг даалгах, мөн дээрх голуудын сав газар учирсан байгаль орчны хохирлыг Засгийн газраар төлүүлэх” гэсэн байдаг. Энэхүү нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Шүүхийн шүүгч Н.Оюунтуяа Иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзсэн захирамжийг өнгөрөгч 2010 оны аравдугаар сарын 28-ны өдөр гаргаж байжээ.