Солонго татуулан жаргасан зүрх

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Солонго татуулан жаргасан зүрх

Өчигдөр өглөө Энэтхэгийн Дарамсала хотын дээгүүр тэнгэрт цойлсон ийм нэгэн солонго татжээ. Борооны улирал бараа сураг ч үгүй байгаа өдий үед уулсын дээрээс ниссэн өнгөт солонго эгэл биш. Эгэл биш энэ солонго эгэл бус хүмүүний тэнгэрт заларсны тэмдэг гэлтэй. Есдүгээр Богдыг тэнгэрт хальсан өглөө тэнд энэ солонго мандсан юм.

Монголын төлөө буцлан цохилж байсан нэгэн халуун зүрх сэтгэл цэлмээн гэрэлтэх солонгоор зам татуулан тэнгэрт оджээ. Буцаад Монголд ирэхийнхээ өмнө Бурхны оронд түр амсхийн саатахаар Богд багш маань явжээ. “Эргээд Монголдоо ирнэ” гэсэн өгүүүлбэр түүний явахдаа хэлсэн сүүлчийн үг байв. Тэр Түвдэд төрсөн түвд хүн. Гэхдээ Монголын төлөө сэтгэл нь тэмүүлж, зүрх нь цохилж явсан Монгол Богд. Зүрхэнд нь үргэлж зүүгдэж явсан Монгол нутгийн сэвшээ салхин дор сүүлчийн амьсгалаа цээж дүүрэн авахыг хүсэн, тэмүүлсээр ирсэн өтөл настай өвгөн эр. Эцсийн амьсгалаа амирлуулсан нутагтаа эхний амьсгалаа аван эргэн ирэхээ амласан Монгол Богд. Жаргасан наран маргааш өглөө нь илч гэрлээ шагнан мэлсхийтэл манддаг шиг эргээд л ирэх монгол зүрх. Эргэн уулзахын ерөөл тавин хүлээе, Богд багш минь.

Б.ЦАЦРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж