Монгол Улсад хоршооллын салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн. Түүнчлэн НҮБ-аас энэ оныг “Хоршооллыг дэмжих жил” болгон зарласан билээ. Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар эхлүүлсэн энэ ажил Олон улсын хоршооллын холбооныхон төдийгүй дэлхийн улс орны хоршоологчдын талархлыг хүлээж байгаа талаар өнгөрсөн сарын 27-29-нд болсон Ази номхон далайн хоршооллын асуудал хариуцсан сайд нарын есдүгээр бага хурал дээр онцолжээ. Улс орнуудын жишээнээс харахад хоршоолол, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд анхаарсан улс орнуудын ажлын байрны тоо, чанар эрс сайжирсан байдаг аж. Мөн тэдгээр улсууд дундаж хөгжилтэй орноос ажлын байрны чанарын үзүүлэлтээр 20 хүртэлх хувиар илүү байдаг гэсэн судалгаа ч бий. Австри, Финланд, Америк, Швед зэрэг орны хүн амын 50 орчим хувь нь аливаа нэг хоршооны гишүүнчлэлтэй байдаг. Энэ салбарт нийгмийн эмзэг давхаргын иргэдээс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч ажиллах боломжтой байдаг нь үүнтэй холбоотой юм. Түүнчлэн хоршоо сайн дурын нээлттэй гишүүнчлэл, гишүүдийн ардчилсан удирдлага, хяналт, гишүүдийн эдийн засгийн оролцоо, боловсрол, сургалт, мэдээлэл, хоршоод хоорондын хамтын ажиллагаа, нийтийн эрх ашиг зэрэг компанийн засаглалын жишиг хэв шинжүүдийг агуулах ёс зүйн чадамжтай бүтэцтэй гэдгийг аль ч оронд хүлээн зөвшөөрдөг билээ. Түүнээс гадна уул уурхай, дэд бүтцийн салбарынхнаас харьцангуй бага тоогоор хэмжигдэх хөрөнгийг зах зээлд эргэлдүүлдэгч ажлын байраар хангах тал дээр аль ч салбарыг дагуулдаггүйгээрээ онцлогтой. Харьцангуй бага зах зээлд үйл ажиллагаа явуулж буй, цөөн хүнтэй, жижиг хоршооны гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц орлого олдог байна. Хэдий тийм ч хоршооллын салбарыг хөгжүүлж чадвал Монгол Улсын нийт иргэдийн 27 хувийг ажлын байраар хангаж чадна гэсэн албан бус судалгаа ч бий. Тэр ч утгаараа Монгол Улсын тулгамдсан асуудал болсон ажилгүйдэл, ядуурлаас гарах арга зам нь өрхийн үйлдвэрлэл, хоршооллыг хөгжүүлэх явдал гэдэгтэй олон хүн санал нийлдэг билээ.
Манай улсын хувьд 90 жилийн түүхтэй хоршооллын салбарын хөгжил “Хангалттай” гэсэн үнэлгээг төдийлөн авч чадахгүй байгаа. Тиймээс сүүлийн жилүүдэд төр засгаас энэ тал дээр анхаарч байгаа. Одоогоос хэдхэн сарын өмнө хоршоолол эрхлэгчид “Тоног төхөөрөмж авах гэхээр санхүүгийн бололцоо хүрдэггүй. Ажлын байраа томруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх сонирхол байдаг. Барьцаа хөрөнгө хангалтгүйн улмаас зээл авч чаддаггүй” гэж байсан бол одоо зээл авах боломжоор хангагдсан. УИХ-аас өнгөрсөн сарын эхээр Зээлийн батлан даалтын тухай хуулийг баталснаар иргэд хүссэн хөрөнгийнхөө 60 хувийг Зээлийн даатгалын сангаас батлан даалт гаргуулан зээлж, үлдсэн 40 хувийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авах боломжтой болсон юм. Ямартай ч Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд өнгөрсөн онд хоршооллын салбарт 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд 277 хоршоо зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлэн 560 гаруй ажлын байр шинээр бий болжээ.
Нэг өрхийн хоёр хүн, эсвэл нэг гудамж, суманд амьдарч буй айл өрхүүд нэгдэн хоршоо байгуулж тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхэлж орлогоо нэмэгдүүлсэн жишээ улс орны өнцөг булан бүрт бий. Дундговь аймгийн “Онги-Уран гоёл” хоршоо л гэхэд 15 хүнийг ажлын байраар хангадаг. Тус хоршоо ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийнхаа зах зээлд нийлүүлдэг ажээ. Хоршооны дарга нь нутгийнхаа ажил, мэргэжилгүй хүмүүсийг сургаж, ажлын байраар хангасан. Одоо хоршооны гишүүд нь 80-100 мянган төгрөгийн тогтмол орлоготой болжээ. Тэдэнд хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ, орлогоо нэмэгдүүлэх бодол байгаа гэнэ.
Ажлын байр нэмэгдэхээс гадна хоршоолол эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний чанар ч сайжирсан аж. Гутал, цүнх зэрэг арьс, ширэн эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хоршоодын бүтээгдэхүүний хийц, загвар, чанар гадаадаас орж ирсэн үнэтэй гутлаас нэг их ялгарахгүй. Хэрэглэгчид ч үүнийг нь мэддэг болжээ. Худалдан авалт нь ч сайн байдаг гэнэ. Үйлдвэрүүд гутал хийх түүхий эдээ урд хөршөөс авдаг байна. Энэ нь нэг талаар дотоодын арьс ширний үйлдвэрүүдийг хаасантай холбоотой. Нөгөөтэйгүүр дотоод үйлдвэрийн цагаан ултай, арьсан гутлыг өмсдөг цаг өнгөрсөн энэ үед манай арьс, ширний үйлдвэрүүдийн зузаан, өнгө муутай арьс гологддог болсон гэнэ. Харин эсгий, ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, хоршоодод бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хомс байдаг талаар ярьдаг. Тодруулбал, сумандаа үйл ажиллагаа явуулж буй ганц нэг алтны уурхай, цагдаагийн байгууллагад өвлийн цагт оймс, улавч зэргийг нийлүүлэх төдийхнөөр хязгаарлагддаг ажээ. Гэсэн хэдий ч Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй жижиг үйлдвэр, оёдлын цех, хоршооны тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
"Улс төрийн тойм" сонин