
“Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан болохыг тэд онцоллоо. Энэ удаагийн эдийн засгийн форумд гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад бизнесийн байгууллагууд хэрхэн оролцох боломжийн талаар ярилцаж, шийдэл гаргана. Ингэхдээ дээрх форумын хүрээнд 13 салбар хуралдаан болж, эдгээрийг сэтгүүлчид хөтлөх болж байгаа юм. Өнгөрсөн жил болсон “Эдийн засгийн чуулга уулзалт”-аас эхлэн салбар хуралдаануудыг сэтгүүлчид хөтлөн явуулах болсон бөгөөд энэ жилийн хувьд улам туршлага суусан байх болно гэж зохион байгуулагчдын зүгээс тэмдэглэлээ.
Дашрамд сануулахад, дээрх эдийн засгийн форумаар эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөх болж байгаа аж. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгож, иргэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээг эрүүл мэндийн салбараас хүртдэг болох тухай асуудлыг түлхүү хөндөх аж. Түүнчлэн эрүүл мэндийн салбарыг хариуцлагатай болгох асуудлыг ч ярилцах юм байна.