Мансууруулах бодист донтох нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодист донтох нь ихэсчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, тас­лан зогсоох арга зам” сэдэвт нээлт­тэй хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цаг­даагийн ерөнхий газар болсон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуул­даг төрийн бус байгууллагууд, хэв­лэл мэдээллийнхэн, их, дээд сур­гуулиудын багш, эрдэмтэн суд­лаачид, оюутан залуусын төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд хүүхэд залуус хар тамхины хор хөнөөлийн талаар зохих хэмжээний мэдээлэлгүй байгаа  талаар болон энэ байдлаас гарах арга замын талаар хэлэлцсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхны хийсэн судалгаагаар ерөнхий боловсролын сур­гуулийн ахлах ангийн сурагчид мансууруулах төрлийн бодис буюу цавуу үнэрлэж, өвс татаж байгааг тогтоосон аж. Судалгаанд оролц­сон хүүхдүүдийн 90 гаруй хувь нь хотын төвийн сургуулийн су­рагчид байсан бөгөөд амьдралын бололцоотой айлын хүүхдүүд гэдэг нь илэрсэн байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хар тамхины хор хөнөөлийн талаар мэдээ, мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд гаргасан юм. Харин Эрүүл мэндийн яам болон энэ төрлийн бодист донтогсодтой өдөр бүр харьцдаг эмч нар “Мансууруулах бодист донтсон хүмүүс эмчилгээ хийлгэх гэж эмнэлэгт ханддаг ч харамсалтай нь тэдний тухай мэдээллийг хуу­лийн байгууллагад заавал өгөх ёстой байдаг учир тэр болгон мэргэжлийн байгууллагад хандаж чаддаггүй. Тиймээс энэ асуудлыг эргэж харахад илүүдэхгүй” гэсэн санал гаргаж байв. Гаалийн ерөнхий газрын төлөөлөгчид Монгол улсын хилийн томоохон боомтууд дээр мансууруулах төрлийн бодис ил­рүүлдэг рентген туяа байрлуулсан ч энэ нь төдийлөн хангалтгүй байгаа тухай дурьдсан юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өмнө нь хэрэгжүүлж байсан хар тамхины эсрэг аяныг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг санууллаа. Мөн төрийн бус байгууллага, оюутан залуусын төлөөлөл “Жил ирэх бүр Монгол Улсад хар тамхи хэрэглэж байгаа хүний тоо нэмэгдэж байна” хэмээн анхааруулсан. Тухайлбал, одоогийн байдлаар манай улсад хар тамхи тогтмол хэрэглэдэг 400 гаруй иргэн бүртгэлтэй байдаг аж. Нэг хүний цаана 40 орчим хүн нуугдаж байдаг гэсэн судалгаа ч гарсан байна. Тиймээс энэ бүхнийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүмүүс дор бүрнээ хичээхийн хажуугаар төрөөс бодлого боловсруулах ёстойг хэ­лэлцүүлэгт оролцогчид дуу нэг­тэйгээр хүлээн зөвшөөрсөн юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж