Бөгс нь загатнасан хүүхэд буюу хялгасан хорхойтох

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Бөгс нь загатнасан хүүхэд буюу хялгасан хорхойтох

Аравдугаар сар дундаа орсон энэ өдрүүдэд бөгс нь загатнасан хүүхдүүд олширч байгаа
болов уу. Учир нь сургууль, цэцэрлэг эхлээд сар гаруй болсон нь хошного
загатнуулдаг хялгасан хорхойн бие гүйцэж, өндөглөдөг хугацаатай таарч
байна. Иймд 9 сарын эхээр цэцэрлэг, сургуульдаа халдвар авсан бол шинж
тэмдэг нь одоо илэрч, загатнаж эхэлж байгаа.
Ялангуяа хүйтний улиралд тохиолдол нь нэмэгддэг тул өвлийн дундуур бүр
элбэгших нь дамжиггүй юм.
Ямар шинж тэмдэг илрэх вэ ?
Үндсэн
шинж тэмдэг нь хошногоны амсар
загатнах.  Загатналтын хүч нь зөөлөн
эрвэгнэхээс авхуулаад тэсэхийн аргагүй хүчтэй, зарим  тохиолдолд
өвдөлттэй байж болно. Загатналт  унтахын өмнө, 
шөнө орой болсон хойно нэмэгддэг. 
Учир нь энэ үед эм хорхой идэвхжиж, өндөгөө гаргахаар хошногоны амсар
орчмоор хөдөлдөг. Хөдөлж буй хорхой, өндөг болон түүнтэй хамт ялгарсан
шингэн
хошногоны амсарыг цочроож загатнуулна. Маажсанаас болоод хошногоны
амсарын арьс
шалбарч урагдах, хорсох, улмаар халдвар орж үрэвсэж болно. Хүүхэд
нойрондоо
муудах, ядрах шинжүүд дагалдан
илэрдэг. Түүнчлэн хоолондоо дургуй болох, тайван бус, уур уцаартай
болох, орондоо шээх нь түгээмэл тохиолдоно. Хялгасан хорхойг удаан
хугацаагаар тээвэл хоол тэжээл, эрдэс бодисын шимэгдэлт алдагдаж, турж
болно.

Хялгасан хорхой хошногоны амсараар гарч,
идэвхтэй хөдөлж,ойр орчимд өндөгөө гаргадаг учир эмэгтэй хүүхдэд бэлгийн уруул,
үтрээнд орж үрэвсэл үүсгэх нь бий. Үүний улмаас бэлгийн уруул загатнах, маажих,
доош юм гарах шинж илэрнэ.  Мөн шээсний
сувагт орж үрэвсүүлснээс шээхэд хорсож өвдөх тохиолдол ховор боловч тохиолдоно.
Энэ халдварын 30% -д нь шинж тэмдэг огт илэрдэггүйг
анхаарна уу.
Яагаад
хялгасан хорхойтдог вэ ?

Хялгасан хорхойтох
өвчний үүсгэгч нь
Enterobius vermicularis хэмээх паразит хорхой юм. Энэхүү паразитыг хүүхдийн цагаан хорхой гэж
дуудаж дадсан хэдий ч, нэгд,  бүх
насныханд халдварладаг, хоёрт, ганцаараа цагаан өнгөтэй биш учраас өчүүхэн хэмжээг
(8-13мм) нь онцолж “Хялгасан хорхой” ( Pinworm) гэж нэрлэдэг. 5-10 насны хүүхдүүд хамгийн их өртдөг.
Хялгасан хорхойн өндөг
бохир гар, хоол хүнсээр дамжин залгигдаж халдварлана. Гэдсэний хөндийд
өндөгнөөс авгалдай гарч, өсөж бие гүйцсэн хорхой болоод, хошногоор гарч өндгөө
гаргаж үрждэг
. Халдвар авснаас
хойш хорхой өндөглөх хүртэл дунджаар
30-50 хоног байдаг. Энэ хугацаа болоход эм хорхой бүдүүн
гэдэснээс доош нүүж , хошногоны амсраар гарч явах зуураа ойр орчимд өндгөө
гаргана. Эдгээр өндөгнүүд бохир гар, хоол хүнсээр дамжин дахин залгигдаж
халдварлана.  
Хэрхэн оношлох
вэ
?
Хүүхдийн хошного загатнах, бөгсөө маажих болон дээр
дурдагдсан бусад шинжүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хялгасан хорхойн
халдвар цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдэд ихэвчлэн тохиолддог тул
цэцэрлэг сургуулийн эмчид нь үзүүлж болно. Орой унтахын өмнө бөгсны загатнаа
нэмэгддэг нь энэ өвчний онцлог шинж юм.  Хошногоны
амсараас наалдуулагч туузаар шинжилгээ авч микроскопоор өндөг илрүүлж болдог. Гэрийн
нөхцөлд ч хялгасан хорхойг илрүүлэх боломжтой. Үүний тулд
  1.  Хүүхдийг унтсанаас хойш
    2-3 цагийн дараа хошногоны амсар орчмыг шалгах. Унтаж, бие тайвшрахад хорхой
    гарч ирж өндөглөх нь нэмэгддэг тул энэ үед амьд хорхой илрүүлэх боломжтой. Хялгасан
    хорхой бичгийн үдээсний хэмжээтэй (1см орчим), тахиралдсан, цайвар шаргал өнгөтэй.
  2. Бие зассаны дараа баасны
    гадаргууг шалгах. Хорхой ихээр халдварласан үед баасанд олонтаа илэрдэг.
  3. Бараан өнгийн дотуур
    хувцас өмсүүлээд, өглөө шалгавал цагаан өнгийн хорхойг олж харж болно.
Хэрхэн эмчлэх вэ?


Эмчилгээнд мебендазол, албендазол, пирантел памоат зэрэг эмүүдийн аль нэгийг хэрэглэдэг
бөгөөд бүгд өндөр үр дүнтэй (90-100%), гаж нөлөө багатай эмүүд юм. Эмчилгээг 2
удаа, хоорондоо 14 хоногийн зайтай явуулахыг зөвлөдөг. Эмийн эхний тунг ууснаас
хойш 14 хоногийн дараа 2 дахь тунг ууна гэсэн үг. 

Эдгээр эмүүдийг Вермокс (Vermox
=Mebendazole), Гельминтокс (Helmintox =Pyrantel pamoate), Albenza (Zentel =Albeldazole)
нэрүүдээр худалдаалдаг. Тунг зааврын дагуу хүүхдийн жинд тохируулж өгөх
хэрэгтэй.

Яаж урьдчилан сэргийлэх вэ ?
Өндөг хатуу
бүрхүүлтэй учир тэсвэртэй, гадаад орчинд 20 хоног хүртэл халдварлах чадвараа
хадгалдаг, Өндөгний гадаргуу наалдамхай
тул хуруу, хумсны завсар, дотуур хувцас, цагаан хэрэглэлд тархдаг.  Түүнчлэн ор дэр, тавилга, хивс шаланд ихээр наалдана. 
Бохирдсон эд зүйлс, гар хуруу, хоол хүнс, аяга таваг, тоглоомоор дамжин өндөг
залгигдаж, халдварладаг. Тиймээс
цагаан хэрэглэл, алчуур, хувцас, аяга таваг, халбага
сэрээ, тоглоомыг нь ойр ойрхон цэвэрлэх, ширээ, ванн , ариун цэврийн болон
унтлагын өрөө тасалгаа, хивс шалаа сайтар соруулж, угааж байх шаардлагатай.  Саван, угаалгийн нунтаг өндгийг үхүүлж
устгахгүй ч, хөөстэй угаалга цэвэрлэгээ нь наалдсан өндөгийг салгаж, цэвэрлэж
чадна. Индүүвэл илүү үр дүнтэй.  
Мөн агаарт буй өндөг хамрын хөндийд орж, цэртэй хамт
залгигдан халдварлаж болно. Орны цагаан хэрэглэл, унтлагын хувцасыг сэгсэрвэл
өндөг агаарт цацагдаж тархдаг тул
цэвэрлэхийн өмнө сэгсрэхгүй байх хэрэгтэй. Хүүхэд хуруугаа хөхдөг, хумсаа мэрдэг бол байнга
халдвар авч дахих эрсдэл ихтэй.

Урьдчилан сэргийлэх доорх зөвлөгөөг сайтар мөрдөөрэй. 
  1.  Хүүхдийн гарыг тогтмол угаалгаж байх (ялангуяа бие
    зассаны дараа, тоглосоны дараа, хоол идэхийн өмнө)
  2. Боломжтой бол өдөр бүр усанд оруулах,
  3.  Дотуур болон унтлагын хувцасыг ойр
    ойрхон солих
  4. Хумсыг богино авч байх, завсрыг нь
    сайтар цэвэрлэх
  5. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэхийг болиулах хэрэгтэй

http://gdarambazar.blogspot.com/

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж