
Дуучин Бритни Спирс найз залуу Жэсон Трэвиктэй гэрлэж, үүрд жаргалтай амьдрах гэж байсан ч хуримаа ирэх жил болтол хойшлуулахаас өөр аргагүй болжээ. Попын гүнжийн өмгөөлөгчид нь түүнийг хуучин менежертэйгээ учраа олох хэрэгтэй гэж зөвлөсөн аж. Бритни Спирс хувийн менежерээ карьерынх нь уналтад буруутгаж, өөрийг нь гүтгэн доромжилсон гэж шүүхэд өгсөн юм. “RadarOnline”-д бичсэнээр уг шүүх хурал ирэх есдүгээр сард болох гэнэ.
2008 онд дуучин бүсгүй хоёр дахь нөхөр Кевин Федерлайнаас салсны дараа хачин авирлах болсноос албадан эмчилгээнд хүртэл явж байсан билээ. Тэрбээр шинэ найз залуутайгаа гэрлэхийг тэсэн ядан хүлээж байгаа боловч ирэх есдүгээр сарын шүүх хурал хуримын ёслолоос илүү чухал гэж өмгөөлөгчид нь ятгасан бололтой.
Н.Энх