
Тус байнгын хорооны хувьд Газрын тухай багц хуулийн төслийг батлуулахаар ажиллаж буй. Уг хуулийн хүрээнд уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй хоёрыг хэрхэн зохицуулах. Бэлчээрийг малчдад ашиглуулахдаа хэдэн жилийн хугацаагаар жилийн хэдэн хувийн төлбөр төлж ашиглах зэрэг нарийн асуудлуудыг тусгаад буй. Тухайлбал, гурван км хүртэлх радиустай газрыг малчдад эзэмшүүлэхээр заасан. Ингэхдээ бүсийнх нь онцлогоос хамаарч, газар эзэмшүүлсний төлбөрийг тогтоохоор болсон. Нэг га газрыг 10 төгрөгөөр үнэлэхэд жилдээ малчин 28 мянган төгрөгийг төлөх тооцоо гарчээ. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдын өмнө тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь хэдэн арван жилээр нутаглан, малаа бэлчээж, өвөлжиж, хаваржиж ирсэн газар дээр нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдох болсноос амьдрах газаргүй болж, уул уурхайн компани хийгээд малчдын дунд газрын маргаан дэгдэх болсон. Тиймээс энэ хуулийн хүрээнд аль газрыг бэлчээрт хамруулах, аль газар нь төрийн өмч байх юм, аль газар нь ашигт малтмалын лиценз олгогдсон талбай вэ гэдгийг нарийн зааж өгөх нь чухал байгаа аж.
Газрын маргаан зөвхөн хөдөөд өрнөөд зогсохгүй хот суурин газруудын дунд ч ид маргаан дагуулах болсон. Гол төлөв нэг газрыг хэд, хэдэн аж ахуйн нэгжид давхардуулан олгосноос газрын маргаан дэгдэж хэнийх нь өмчилсөн газар болохыг ялгаж салгахад бэрх болж байгаа тул энэ асуудлыг ч нарийн зохицуулах нь Газрын тухай хуулийн нэг амин сүнс аж. Тиймээс Газрын тухай багц хуулийн төслийг нарийн нягт боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Гэхдээ Газрын тухай хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд нэлээд урагшлуулсан учраас хаврын чуулганаар батална гэж үзэж байна.
Дээрх хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболд ахалж, Э.Бат-Үүл, Ц.Сэдванчиг нарын гишүүд бүрэлдэхүүнд нь багтжээ.
Тус байнгын хорооны төвшинд хэлэлцэгдэж байгаа хоёр дахь том хуулийн төсөлд Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаж байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Дэлхийн хүн ам одоо долоон тэрбумд хүрсэн. Цаашид хүн ам өснө, 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.5 тэрбумаас 10 тэрбумд хүрнэ гэсэн тооцоог эрдэмтэд гаргаад байгаа. Ингэснээр дэлхийн хүн амын хүнсний хэрэглээ одоогийнхоос хоёр дахин өсөхөөр байгаа аж. Тиймээс УИХ-аас ирээдүйг харсан Хүнсний тухай хуулийг батлах шаардлага тавигдаж буй юм байна.
Үүний зэрэгцээ Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай гэсэн багц хуулийн төслийг мөн тус байнгын хороо боловсруулж байгаа. Уул уурхайн олборлолт өсөхийн хэрээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж тэр хэрээр уур амьсгалд огцом өөрчлөлт оруулах болсон. Тухайлбал, Усны хэрэг эрхлэх газраас хийсэн усны тооллогоор 551 гол горхи, 483 нуур цөөрөм, 1879 булаг шанд ширгэсэн болох нь тогтоогдсон. Гүний усны нөөц өдөр ирэх тусам багасч байгаа тул байгаль орчныг хамгаалах хуулийн төслийг шинэчлэн гаргах зайлшгүй шаардлагатай болжээ.
Тус хэвлэлийн бага хуралд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Балдан-Очир, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва, Р.Раш нар оролцлоо.