“Хэнтийн өндөр бор өвс ч малыг уях юмаа”

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

“Хэнтийн өндөр бор өвс ч малыг уях юмаа”

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин Дамиранжавын Рашбуд  сая “Аймгийн сайн малчин” цол хүртлээ. Түүнтэй хийсэн ярилцлагаа уншигчдад хүргэж байна.

-За баяр хүргэе. Шинэ алдар цол хүртсэн явдалд.

-Баярлалаа.

-Танай сум хоёр жилийн өмнөх айхтар зудад мал сүргийнхээ жар гаруй хувийг алдсан. Зудад хамгийн том хохирол амссан сум. Гэтэл та энэ зуднаас мал сүргээ бүрэн авч гараад аймгийн сайн малчны цол хэргэм хүртчихлээ. Ямар арга чарга байна вэ?

-Нүүдлийн л ач юм даа.  Тэр жил манайх Хэнтийн Дархан сумын нутаг хүрч өвөлжсөн. Их нүүсэн дээ. Долоо, найман сар гэхэд Өвөрхангайн Баянгол, Сант суманд л хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явлаа. Тэгээд энэ хойгуур нүүдэллэсээр аймгийнхаа нутгийн хойт тал, Бага газрын чулуу дайрч зүүнтшээ өнгөрсөн. Тэгээд Дархан сумын Уртын гол хүрээд өвөлжсөн. Тэнд манай хүргэний нэг хамаатан байдаг болохоор бараадсан хэрэг.  Урьд нь түлэгдсэн, нэг хуучин задгай хонд олж буусан. Тэндхийн өндөр бор өвс малыг ёстой “уяж” өгөх юмаа.  Манай мал ингэж их нүүдэллэж байхад тэгэж тогтохыг үзсэнгүй. Өндөр бор өвсний хүчээр сайхан өвөлжсөөн.

-Сайхан нутагт ч гэлээ тэжээл шаардагдана байз?

-Тэжээнээ. Мал нь тэжээлгүй, гэр нь түлшгүй бол цагийн хатууд малчин айл сүйрлээ л гэсэн үг. Тэнд харин нүүрс нь ойр болохоор түлшээр гачигдаагүй. Тэжээл яахав, хаа тааралдсанаас аваад байна. Оронд нь өгөх юм байвал олдоц тэнд дажгүй дээ. Чойроос наян шуудай тэжээл аваад хушуувчаар тэжээгээд байсан. Хушуувч тэжээлд аригтай, малд тэжээл нь наалдацтай, зүгээр юм билээ.  Хүргэнийтэйгээ хоёр гэрээр мянга нэлээн гаруй малаа мэнд сайн аваад ирсэн дээ. Тэр өвлийг сайг давсны үнэлгээ л энэ жил ирж байгаа нь энэ.  Ганц бидний сайных ч юү байхав, тэндхийн сайхан уул хангай,  сайхан сэтгэлтэй хүмүүсийн буян юм шүү,

-Ингэж нүүж явахад бэрхшээл таарна байз?

-Хол нүүгээд гарчихаар нутаг орны тухай мэдээллээс бүр тасарчих юм. Газар оронд сайхан сэтгэлтэй,тусч  хүмүүс ч олон тааралдана. Ааш муухантай хүн ч бас байх л даа. Олон хүнд янз бүрийн л ааш зан байх.  Аймгийнхаа хойт талын Сайнцагаан, Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Говь-Угтаал гээд сумдаар нүүж явахад хүмүүс нь хүнд туслахын төлөө төрсөн, эвдрээгүй, хуучнаараа санагдсан. Харин манай Далайн хойт талаар жаахан ааш муутай улс таардаг юм шүү. Төмөр замд ойр болохоор хулгай хэцүү. Бас чонотой. Ёстой сүүлтэй, сүүлгүй чонотой үзэлцэх хэрэг гарч байгаа юм чинь. Сонор сэрэмжийг ч шалгаж өгнө дөө. Энд амар тайван сурчихсан хүн чинь малаас нүд салгахгүй байна гэдэг бас ч амаргүй. Гэхдээ ямар ч байсан хониндоо чонын шүд хүргэлгүй гарч ирсээн. Тэнгэр яаж ч муудлаа гэсэн хонийг өл хоолгүй өдөржин хашиж болохгүй. Хэдхэн минут ч болохноо хөдөлгөж хэд хазуулаад биеий нь хөшөөг гаргаад эргүүлээд хашихад алзахгүй.

-Тэр газар нүүсэн улс отроос олзтой л ирж дээ?

-Газар орон үзнэ, сайхан хүмүүстэй танилцана. Дархан сумаас хуц, ухнын солио хийсэн. Саяны хоёр жилд төл сайн авсан нь тэр солионы үр дүн. Бас Дорноговийн Айраг сумын “Нүдэн” Батаа гэдэг хүнээс нэг даага худалдаж авсан. Хурдны шинж бий. Хөөрхөн давхих янзтай байгаа.

                                С.ПҮРЭВСҮРЭН

Зураг дээр:
1. Аймгийн сайн малчин Д.Рашбуд
2. Д.Рашбудынхан отрын нутагт  2010 оны наймдугаар сард.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж