үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг
шүүх хурал хойшилж, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс энэ сарын 14-нд
болох шүүх хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр,
УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг
гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн
Ц.Мөнх-Оргилыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Өнгөрсөн даваа гарагт цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг шүүх
хурлыг ирэх 14-нийг хүртэл хойшлууллаа. Энэ үеэр шүүгдэгчдийн
өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий
сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нар болон таныг
гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан. Та шүүх хуралд оролцох уу?
-Оролцолгүй яахав. Гэрчийн мэдүүлэг өгнө. Асуулт байвал хариулна.
-Саяын болсон шүүх хурлын, үеэр шүүгдэгчдийн ар гэрийнхэн,
өмгөөлөгчид, хохирогчдын ар гэрийнхэн нэлээд бухимдалтай байлаа. Энэ
бүхнийг хараад та юу бодож байв?
-Бухимдах нь аргагүй шүү дээ. Жагсаал цуглааныг зохион байгуулж, эмх
замбараагүй байдалд хүргэсэн, сүүлдээ өөрсдөө зогсоож дийлэхгүй болоод
хаяад явсан нөхөд ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөн. Гэтэл албан
үүргээ биелүүлж явсан цагдаагийн дарга нарыг шүүгээд байдаг. “Цагдаа
буудсан нь тогтоогдлоо” гээд л шуугиад байгаа болохоос хэн гэдэг цагдаа
хэнийг буудсан нь одоо болтол тогтоогдоогүй л байна. Ийм нөхцөлд “Ажлын
хариуцлага алдсан” гэдэг үндэслэлээр цагдаагийн дарга нарт хариуцлага
тооцно гэвэл хэлмэгдүүлэлт болно.
-Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж хууль бус
үйлдэл гаргасанд, мөн Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсээс зөвхөн
цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг сэргээн шалгах болсонд
өмгөөлөгчид төдийгүй хуулийн салбарынхан нэлээд шүүмжлэлтэй хандаж
байгаа. Хуульчийн хувьд та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Өршөөлийн хуулийг прокурорынхон зөв хэрэглэсэн үү, үгүй юү гэдгийг
шалгах УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан.
Шалгалтаа хийгээд дүнгээ УИХ-д танилцуулах байх. Зүйлчлэлийн хувьд гэвэл
өмгөөлөгчдийн энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан. Би тэдэнтэй
санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэргийн зүйлчлэл нь “Буруу” гэж үзэж
байгаа.
-Яагаад буруу гэж?
-Яагаад гэвэл 2008 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ хууль баталж, Эрүүгийн
хуулийн цэргийн албаны эсрэг гэмт хэргийн зүйл ангид цагдаа, тагнуул,
шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын албан хаагчид хамаарахгүй
болсон. Өмнө нь хамаардаг байсан юм. Нөгөөтэйгүүр долоодугаар сарын 1-нд
жагсаал цуглааныг тараах үйл ажиллагаанд дотоодын цэргийн бие
бүрэлдэхүүн оролцоогүй, Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас өмнө ч, хойно ч
тэр. Цахилгаан станц, худаг зэрэг чухал объектуудын хамгаалалтад
гарсан байсан санагдаж байна. Нэгэнт жагсаал цуглааныг тараахад
дотоодын цэрэг оролцоогүй бол Дотоодын цэргийн командлагчийн үүрэг
гүйцэтгэгч Ч.Амарболдын буруу гэж юу байх билээ. Үүргээ гүйцэтгэсэн
цагдааг буруутгаж болохгүй.
-Та өнгөрсөн хугацаанд хэчнээн удаа гэрчийн мэдүүлэг өгсөн бэ?
-Тэр үед алба хашиж байсан Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, ҮАБЗ-ийн
нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Ганболд бид бүгд л Мөрдөн
байцаах албаныханд гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн Ө.Энхтүвшин даргын
ахалсан УИХ-ын ажлын хэсгийнхэнд ч бид дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл
өгсөн.
-Гэрчийн мэдүүлгээ өөрийн биеэр очиж өгсөн үү?
-Өөрсдөө ирж мэдүүлэг авсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа ч,
сайдын ажлаа хүлээлгэж өгсний дараа ч мэдүүлгээ өгсөн. Мөн хэвлэл
мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэн, тайлбарлаж ярьж байлаа.
-Эдүгээ ХЗДХ-ийн сайдаар ажиллаж буй Ц.Нямдорж ч, сайд асан та ч
“Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн оролцоогүй” гэж хэлдэг. Үүнийгээ
юугаар нотолж чадах вэ. Яагаад нөгөө талаас “оролцсон” гэж тайлбарлаад
байдаг юм бэ?
-Бодит үнэн л тэр шүү дээ. Цагдаа, дотоодын цэргийн тэр үеийн, одоогийн ч
гэсэн удирдлага үүнийг баталж ярих биз. “Үгүй ээ, дотоодын цэрэг
оролцсон” гэж үзэж байгаа бол бас нотолгоо гаргаад ярих байх л даа.
Эцсийн дүндээ шүүх энэ бүхнийг харгалзаж үзээд үнэн зөвийг нь тогтоох
байх гэж бодож байна.
-Үймээн гарснаас хойш дөрвөн жил тасралтгүй хариултаа нэхсэн нэг
асуулт бол “Буудсан эзэн нь хэн бэ, галт зэвсэг хэрэглэх тушаалыг хэн
нэгэн этгээд өгсөн үү”. Энэ асуултад та хариулж чадах уу?
-Галт зэвсэг хэрэглэх тушаалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч,
штабаас хэн ч өгөөгүй гэдгийг би танд хариуцлагатайгаар хэлье. ҮАБЗ,
штаб дээр ярьсан, хэлсэн зүйл, гаргасан шийдвэр протокол, бичлэгээр
үлдсэн байгаа. Ийм тушаал өгөх ёс суртахуун, ухамсартай хүн тэр үед
манай төрийн удирдлагад байгаагүй. Тэгээд ч ийм тушаал өгөх эрх мэдэл
хэнд ч байхгүй. Ямар ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд дарга байсан ийм
эрх мэдэл эдэлдэггүй. Тушаал өгсөн байлаа гэхэд ийм тушаал хэрэгжүүлээд
явж байдаг хүн байдаг юм уу. Харин зарлиг гарахаас өмнө ҮАБЗ-өөс “Галт
зэвсэг хэрэглэж болохгүй” гэсэн чиглэлийг Ч.Амарболд генералд өгөөд,
“Мэдлээ, гүйцэтгэе” гээд гарсныг л санаж байна. Буудсан эзнийг та надаас
асуух биш, хууль хяналтын байгууллагынхан шалгаад шүүх шийдэх ёстой
асуудал. Мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа. Эзэн нь тогтоогдоно гэж
найдаж байна. Магадгүй хүн хүч, туршлага дутагдаад байвал Ерөнхий
прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан энэ хэргийг тагнуул,
цагдаа, гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй хамтарч шалгаж болно шүү дээ.
Гэхдээ эздийг нь нэртэй, устай, эд мөрийн баримттай нь тогтоох хэрэгтэй.
Харамсалтай нь сүүлийн үед “Яг хэн гэдэг цагдаа буудсаныг тогтоож
чадаагүй. Гэхдээ цагдаа хүн буудсаныг нь тогтоосон юм байна” гэсэн
битүү, хатуу ойлголт, хардлага газар авсан байна. Энэ нь хууль ёсондоо ч
харш, цагдаа, нийгмийн харьцаандаа ч буруу нөлөө үзүүлнэ. “Гэм буруутай
нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн,
гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалт бол шударга
ёсны, хүний эрхийн үндсэн баталгаа шүү дээ.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сумны хонгио, цагдаагийн тэмдэглэлийг
нотлох баримт хэмээн үзэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон
нийтэд мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Та үүнийг үзээд юу гэж бодсон
бэ. Энэ нотлох баримт мөн үү?
– Мөн, бишийг би биш, хууль хяналтын байгууллага, шүүх л тогтоох байх
даа. Нотлох баримт мөн бол яагаад прокурор, мөрдөн байцаагчид бус УИХ-ын
гишүүний гар дээр байж байдгийг ойлгоогүй. Үнэхээр эд мөрийн баримт мөн
л юм бол байх ёстой газраа л байх ёстой шүү дээ. Түүнээс биш хэрэг
шийдэгдээгүй байхад хэвлэл мэдээллээр дамжуулж олон нийтийн өмнө дэлгэж
болохгүй. Аль ч талаасаа зохимжгүй асуудал.
-Та парламентын нэг танхимд суугаагийн хувьд ч, мэргэжил нэгтэй хувиар ч яагаад тэгснийг өөрөөс нь асууж болоогүй юм уу?
-Сэтгүүлчийн хувьд та асуух нь илүү зохимжтой биш үү. Би энэ хэрэг
хуулийн дагуу шийдэгдэх ёстой, мэргэжлийн байгууллагуудад нь ажлаа хийх
боломж олгох ёстой гэж боддог. УИХ-ын гишүүд бид хувь хүний зүгээс,
сэтгэлийн хөдөлгөөнөөр, эсвэл улс төрийн өнцгөөс энэ асуудалд хандаж
болохгүй. Хохирогчдын ар гэрийнхэн, жирийн иргэд санаа бодлоо илэрхийлэх
бол өөр асуудал.
-Хэрэг явдал УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа эхэлсэн. Одоо дараагийн
сонгууль ойртож байна. Товчхондоо сонгуулийн хөзөр болон хувирлаа. Тийм ч
учраас улам улстөржиж, нэр бүхий цагдаагийн дарга нарыг хэлмэгдүүлж
байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ер нь цаг хугацаа, асуудлын шинж чанараасаа шалтгаалаад хүссэн ч, эс
хүссэн ч улс төр, сонгуулиас салгаж үзэх аргагүй асуудал боллоо доо.
Сүүлийн үед бүр ч их хурцдаж, бараг л сонгуулийн нэг гол сэдэв болох нь.
“Монголын улстөрч бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд долоодугаар
сарын 1-ний үйл явдлаас ямар сургамж авч хоцров оо” гэдэг асуудал гарч
ирж байна. “Сонгуулийн хуулиа засаж янзаллаа. Дахин ийм үйл явдал
давтагдахаас сэргийллээ. Алдаж оносон хүмүүст төрийн өршөөл үзүүллээ,
хохирлыг барагдууллаа. Улстөрчид хариуцлагаа ухамсарлалаа” гэж бодсон
чинь сонгууль дөхөөд ирэхээр нөгөө л талцдаг, бүх асуудлыг
улстөржүүлдэг, тэр байтугай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бослого,
хүчирхийлэлд уриалж эхэлж байна. Энэ чинь өөрөө төрийн эсрэг гэмт хэрэг
шүү дээ. Үүнийг бага дээр нь таслан зогсоож, хуулийн дагуу арга хэмжээ
авахгүй бол даварсаар байгаад дахиад үймээн самуун руу түлхэж мэднэ.
Долоодугаар сарын 1-ний үймээн самуун ч нэг өдөр бий болсон зүйл биш.
УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Үндэсний радио, телевизийн байр руу
дайрч юу боллоо. Төрийн ордон руу баахан жимс ногоо шидэж бузарласан.
Манай намын байр руу дайрч орж сүйтгэсэн. Төрийн цагдаагийн мөрдэсийг
урж тасддаг болсон. Тухай бүрт нь хуулийн дагуу хариуцлага тооцож
чадахгүй явсаар байгаад л долоодугаар сарын 1-тэй золгосон биш үү.
-Цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн “Монголын төрд гомдож байна” гээд
уйлж байгааг та харсан байх. Та онц байдлын штабыг ахалж байсны хувьд,
тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсны хувьд шүүгдэж буй цагдаагийн
дарга нар, тэдний ар гэрийнхэнтэй уулзаж байсан уу?
-Уулзсан. Ар гэрийнхэн нь уулзъя гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд бид уулзаж
нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. Дараа нь Цагдаагийн ар гэрийнхний холбооны
тэргүүн Алтангэрэл гуайтай хоёр удаа уулзсан. Нөхцөл байдлаа
танилцуулан надаас хуулийн зөвлөгөө аваад явсан. Би ч тэдний нэгэн адил
шүүх үнэн зөвийг олж шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж хүлээж
суугаагаа хэлсэн.Өмнө нь цагдаад ажиллаж байсан хүний хувьд Алтангэрэл
гуай нэг чухал зүйлийг ажигласан байна билээ. Цагдаа өөрөө их том
байгууллага, олон чиг үүрэгтэй. Хэрэг мөрдөх, хэв журам, эргүүл гээд
өөр, өөрийн дадлага туршлага, бэлтгэл сургуультай хүмүүс байдаг.Тэднийг
бүгдийг нь хамаад “Эмх замбараагүй байдлыг зогсоо, жагсаал цуглааныг
тараа” гэсэн тушаал өгөөд дайчилчихаар бэлтгэл сургууль, туршлага, багаж
хэрэгсэл илт дутуу, харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Бусад орны
жишгээс харахад “Riot police” буюу нийтийг хамарсан эмх замбараагүй
байдлыг зохицуулдаг, жагсаал цуглаан тайван замаар биш, хүчирхийлэл
хэрэглэх шат руу ороход жагсаалыг албадан тараадаг үүрэг бүхий
цагдаагийн тусгай албан хаагчид байна. Тэд тусдаа бэлтгэлтэй, тактик,
туршлагатай. Зөвхөн тайван жагсаал тайван бус горимд шилжих үед
хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр тараах үүрэгтэйгээр
төрөлжсөн байдаг. Цаашид Монголд ийм нэгжийг байгуулах хэрэгтэй юм
байна гэсэн санал хэлж байна билээ. Энэ зөв санаа байх. Одоо манай төсөв
гайгүй байгаа дээр энэ саналыг судалж үзээд шийдвэл цагдаагийн ачаалал
багасаж, иргэдийн амгалан тайван амьдрах баталгаа нэмэгдэнэ. Одоо чинь
гадаадын нэг дарга ирсэн ч бараг бүх цагдаа нар зам дээр эргүүл хийгээд
зогсчихдог. Гэтэл хариуцсан үндсэн ажил болох дугаар хороо нь эзэнгүй л
байдаг шүү дээ.
-Таныг долоодугаар сарын 1-ний хэргээс хойш таг чимээгүй болчихлоо,
“дуугаа хураасан” гэж ярьж, бичдэг. Миний хувьд энэ асуудлаар хэвлэлд
өгсөн хоёр ярилцлагыг тань уншсан. Ер нь энэ үйл явдал таны цаашдын улс
төрийн карьерт хэрхэн нөлөөлөх бол?
-Би энэ талаар сонинд өгсөн ярилцлагаа тоолбол бараг найм дахь удаагийнх
нь энэ байх. Телевизээр ч олон удаа ярьсан. Тэр бүрийг олж хараагүй
болохоор хүмүүсийн нүд, чихэнд хүрэхгүй байгаа юм болов уу. Лав л дуугүй
байгаагүй. Нөгөөтэйгүүр энэ чинь бас тэгээд л цуураад байж болохгүй
асуудал шүү дээ. Тэр тусмаа над шиг төрийн ажил алба хашиж, дунд нь явж
байсан хүн хариуцлагатай байж, төрийн хүний нуруутай байх ёстой болов
уу. Тэгээд ч улсын нууцтай холбоотой, хувь хүмүүстэй холбоотой, шүүхээр
шийдэгдэх гэж байгаа хэрэгтэй холбоотой асуудал учраас энэ асуудлаар
ярьж тайлбарлан улс төр хийж, эсвэл улс төр хийх гэж оролдож байгаа
хүмүүсийн “гар хөл” болоод, “хоол, идэш” өгөөд байх нь зохимжгүй. Төрийн
болон хууль хяналтын байгууллагад ажил хийх бололцоог нь олгох ёстой.
Би өөрийнхөө хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөх ёстой тайлбараа
өгсөн. Хууль хяналтын байгууллагын зүгээс тавьсан бүх асуултад хариу
өгсөн.Тиймээс дуугаа хураасан гэж бодохгүй байна.Долоодугаар сарын
1-ний үймээний үеэр онц байдлын штабын даргаар ажиллаж байсан минь миний
улс төрийн карьерт нөлөөлөх эсэхийг одоо л харъя.
-Ирэх сонгуулиар уу?
-Тийм.
-Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Онц байдал зарласан зарлиг гаргасан нь цагаа олсон зөв зүйл байсан гэж та боддог уу?
-Зөв. Зөв гэдгийг ч УИХ хоёр хоногийн дараа баталж тогтоол шийдвэрээ
гаргасан. Харин зарим хүн “Арай эрт гаргах ёстой байсан” гэж бодож,
ярьдаг юм билээ. Гэхдээ үүнд тухайн үеийн нөхцөл байдлыг бодолцож
үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Одоогийн өндөрлөгөөс бүхнийг үнэлж дүгнэж
бас болохгүй.С.Баяр дарга бид хоёр намын байранд хашигдчихаад байдаг.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Ч.Амарболд үүргээ гүйцэтгээд гадаа
ажиллаж байсан. Тухайн үед С.Баяр дарга бид хоёр “Харанхуй болохоос өмнө
онц байдлыг зарлаж, бүх хүч чадлаа дайчлан эмх замбараагүй байдлыг
хэвийн байдалд оруулахгүй бол болохгүй нь” гэсэн зөвлөмж өгсөн. Гадаа
байгаа Ч.Амарболд дарга “Одоохондоо хэрэггүй биз дээ” гэж зөвлөсөн юм
байна лээ. Энэ тухай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлээр олон удаа
ярьсныг санаж байгаа байх. Ч.Амарболд дарга “Дийлэхгүй боллоо, Онц
байдал зарлая” гэж зөвлөөд Ерөнхий сайд, салбарын сайд, цагдаагийн дарга
гэсэн гурван хүний санал нийлж байж Ерөнхийлөгч зарлигаа гаргасан.
Тэгэхээр “оройтууллаа” гэж буруутгах аргагүй. Ер нь эндээс сургамж
авахад цаашид онц байдал зарлах тохиолдолд Ерөнхийлөгч эцсийн шийдвэр
гаргахад хэний зөвлөмжийг үндэслэх вэ, Ерөнхий сайд уу, ХЗДХ-ийн сайд
уу, Цагдаагийн дарга уу. Энэ гурван хүний санал нийлэхгүй байгаа
тохиолдолд Ерөнхийлөгч яах вэ. Эсвэл заавал Засгийн газар хуралдаж
шийдвэр гаргах уу. Эмх замбараагүй байдал үүссэн үед Засгийн газар
хуралдаад сууж байх боломжгүй. Тэгэхээр нарийвчлан бодож, үйл явцыг
тодорхой болгох ёстой юм билээ.
-Ч.Амарболд дарга яагаад “Онц байдал зарлах хэрэггүй” гээд байсан хэрэг вэ. Цагдаагийнхаа хүчинд найдаж байсан гэж үү?
-Өмнөх жагсаал цуглаануудын адил харанхуй бүрэнхий болохоор тэгсгээд
тарна гэж найдсан байх. Жагсагчид тэгтлээ улайрч чулуу, төмрөөр
зэвсэглэж, дээрэм тонуул хийж, галдан шатаана гэж хэн ч төсөөлөөгүй шүү
дээ.
-Та онц байдлын штабыг ахалсны хувьд өөрт оногдсон үүргээ биелүүлсэн гэж үзэж байна уу?
-Биелүүлсэн гэж үзэж байгаа. Сайн уу, муу юу гэдгийг өөрөө дүгнэж
чадахгүй. Хууль тогтоомжоороо онц байдлын зарлигийг хэрэгжүүлэх
онцгой, хэнтэй ч хуваалцахгүй эрх мэдэл зөвхөн ҮАБЗ-д байдаг юм. Харин
шуурхай штаб бол хуульд заасанчлан хуулийн байгууллагуудын уялдаа
холбоог хангах үүрэгтэй. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний ахалсан ажлын хэсэг
штабын үйл ажиллагааг шалгаад дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтэд “Онц
байдал зарлахаас өмнө хууль хяналтын байгууллагуудын ажлын уялдаа муу
байжээ. Онц байдал зарлаж, штаб байгуулсны дараа хууль хяналтын
байгууллагуудын ажлын уялдаа сайжирсан байна” гэсэн дүгнэлт гаргасан. Уг
дүгнэлт бүрэн эхээрээ хэвлэлд нийтлэгдсэн байдаг.
-Үүний дараа УИХ анхны чуулганаараа хаалттай хуралдсан. Тэр үеэр чухам
юу хэлэлцсэн бэ. Зарим хүн “Хаалттай чуулганаар онц байдал зарласныг
зөвтгөсөн дүгнэлтэд хүрсний дараа хамтарсан Засгийн газар байгуулах
анхны тохироог хийсэн” гэж харддаг шүү дээ?
-Наадах чинь дэмий яриа, хардалт байна. Хамтарсан Засгийн газар
байгуулах тухай хаалттай чуулганы үеэр огт яриагүй. Э.Бат-Үүл гишүүний
гаргасан “Хаалттай хуралдъя” гэдэг саналыг би дэмжсэн. Яагаад гэвэл
нийгэм “зөв, буруу”-гийн тухайд талцаад, байдал дахин хурцдах шинжтэй
байсан. Тухайн үед бидний хамгийн том зорилго бол эмх замбараагүй
байдлыг дахин үүсгэхгүй, намжаах, нийгмийг талцаж хагаралдах байдлаас
салгаж эвлэрүүлэн нэгтгэх явдал байлаа шүү дээ.Тиймээс хаалттай хуралдах
нь зөв байсан. Хаалттай хуралдааны хэлэлцсэн асуудал нь “Яагаад онц
байдал зарлах гарцаагүй шаардлага үүсэв”, “Онц байдлын үед ямар арга
хэмжээ авах шаардлага гарсан бэ” гэдэг талаар танилцуулаад Онц байдлын
тухай хуулиар УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, эсвэл
хүчингүй болгох ёстой байсан. Мөн “Зөв гэж үзэж байгаа бол хугацаа
тогтоож өгөөч. Буруу гэж үзэж байгаа бол цуцалж өгөөч” гэсэн асуудлыг л
хуулийн дагуу хэлэлцсэн. Өөр асуудал яриагүй.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Баяр онц
байдал зарлахыг шахаж байсан. Түүнд нь өнгөрсөн хойно эргэлзэж явдаг”
гэсэн утгатай үг унагасан удаатай. Тухайн үед тэдэнтэй хамгийн ойр
байсны хувьд та тэр байдлыг анзаарсан уу?
-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. С.Баяр дарга ч, би ч утсаар ярьж “Үнэхээр хүч
хүрэхгүй боллоо. Ер нь та зарлигаа бэлтгэвэл яасан юм бэ” гэсэн саналыг
л хэлж байсан. Түүнээс биш ятгаад, гуйгаад байсан юм биш. Төрийн хүмүүс
учраас Ерөнхий сайд ч, би ч тухайн үед хүлээсэн үүргийнхээ дагуу
Ерөнхийлөгчид зөвлөж байсан нь үнэн. Гэхдээ зарлиг гаргах эрх гагцхүү
Ерөнхийлөгчид байсан нь ойлгомжтой.
-Ирэх сонгуульд үймээн давтагдвал яах вэ гэсэн айдас нийгэмд төрөөд
байгаа нь тодорхой. ОХУ-ын удаа дараагийн сонгуулийн нөхцөл байдал ч
сэтгэлзүйн дарамт үүсэхэд нөлөөлж байна. Саналаа өгчихөөд орон нутаг
руу, эсвэл өөр улс орон руу дүрвэх үү. Төр ийм үймээн гарвал иргэдээ
хамгаалахад бэлэн үү гэдэгт санаа зовниж эхэллээ. Таны хувьд нөхцөл
байдлыг хэрхэн таамаглаж байна вэ?
-Ирэх сонгуулиар ийм үймээн гарахгүй, амар тайван байх болов уу гэж
найдаж, хүсэж байна. Юуны өмнө улстөрчид өөрсдөө хариуцлагаа ухамсарлах
ёстой. Болоогүй байгаа сонгуулийн дүнг эсэргүүцэж, хүчирхийлэлд уриалж
байгаа хүмүүс энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, сонгуульдаа
бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Мөн сонгуулийн дүнг хаана, хаанаа хүлээн
зөвшөөрч сурмаар байна. Ард түмний амгалан тайван байдал, төр ард түмний
итгэлцэл юунаас ч илүү чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, улс төрийн соёлд
суралцмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин