Нобелийн шагналтны мартагдсан роман

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтны мартагдсан роман

Нобелийн шагналт, Португалийн зохиолч Хосе Сарамагогийн “Кларабоя” нэртэй роман хэвлэгдэн гарлаа. Зохиолчоо нас барснаас хоёр жилийн дараа ийнхүү уг роман уншигчдын хүртээл болж байгаа нь энэ юм.

Хосе Сарамаго 1953 онд нэгэн хэвлэлийн газарт уг романаа хэвлүүлэхээр илгээсэн боловч ямар ч хариу авалгүй нэлээд хэдэн жил өнгөрчээ. Харин 1989 онд Хосег алдартай зохиолч болсных нь дараа хэвлэлийн газар түүнтэй холбогдон нүүдэл хийж байхдаа гар бичмэлийг олсноо дуулгаад түүний романыг хэвлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч зохиолч амьд байгаа цагтаа “Кларабоя”-г хэвлэх хүсэлгүй байна хэмээжээ. Харин түүний эхнэр хүүхдүүд энэ оны эхээр романыг хэвлүүлэн гаргалаа.

“Кларабоя” 1950-аад оны Португалийн нийгэм хүлээж авахад дэндүү “хурц” зохиол байжээ. Хүчирхийлэл, ижил хүйстнүүдийн харилцаа, хүн хүнээ гадуурхах сэтгэл зэрэг үндсэн сэдэв нь Антонио де Оливер Салазарын дэглэмд нухлагдаж байсан Португалийн нийгэмд хаалттай байлаа. Романыг португал, испани хэлээр хэвлэсэн бөгөөд англи болон итали хэл дээр хэдийнэ орчуулагджээ.

Хосе Сарамаго энэ романаа хэвлүүлж чадаагүйн улмаас дахин роман бичилгүй хорин жил болсон гэдэг. Тэрбээр 1998 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд энэхүү шагналыг хүртсэн анхны португал хүн болсон билээ. Хосе Сарамаго 2010 онд 87 насандаа таалал төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж