Исламын Бүгд найрамдах Иран улсад өнөөдөр парламентын бүх нийтийн сонгууль болох гэж байна. Ираны нийслэл дэх гудамж талбайд нэр дэвшигчдийн зургийг байрлуулж, сонгуулийн сурталчилгааны хуудсыг хэдийн тараасан байна. Иргэд гар утсаараа хүртэл сонгуулийн сурталчилгааг хүлээн авч байгаа аж. Одоогийн Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадын хүчтэй өрсөлдөгч Исламын Бүгд найрамдах Иран улсыг үндэслэгч гэгддэг Аяатолла Хомейнийн “Ираны эдийн засаг, шинжлэх ухааны ололт амжилт та бүхний гарт бий” хэмээн уриалж байгаа гэнэ. Гэвч ажиглагчдын бичиж буйгаар замын түгжрэл ихтэй нийслэл Тегеранд иргэдийн сонгуулийн идэвхи төдийлөн сайн биш байгаа бололтой. Аль Жавад хэмээх лалын мөргөлийн сүмд сонгуулийн сурталчилгааны хуудас тарааж яваа залууст өндөр настай лалын шашинт эр “Сонгууль өгөх ямар хэрэг байгаа юм бэ?” гэж уурссан гэнэ. Гадаадын сурвалжлагчид иргэдээс сонгуулийн талаар асуухад "Сонгууль өгөх бодолгүй байна. Өөр зүйл ярих аюултай” хэмээн бушуухан холджээ. 2009 оны парламентын бүх нийтийн сонгуулиас хойш Иранчууд анх удаа сонгууль өгөх гэж байгаа нь энэ юм. Өмнөх сонгуулийн үр дүнг луйвар болсон гэж үзсэн Иранчууд эсэргүүцлээ илэрхийлж, жагссан боловч аюулаас хамгаалахын цэргүүд уг хөдөлгөөнийг хүчээр тараасан юм. Энэ удаагийн сонгуульд эрх баригчдыг эсэргүүцэгч Ногоонтны хөдөлгөөн нам өрсөлдөхгүй. Тегераны их сургуулийн улс төр судлаач Садехын хэлж буйгаар энэ удаагийн сонгууль Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадыг дэмжих үү, үгүй юу гэдгийг шийдэх аж. Өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгууль Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад, Улсын шашны тэргүүн Аяатолла Хомейни нарын хоорондох ширүүн өрсөлдөөн болох нь тодорхой байна. Аяатолла Хомейни өнгөрсөн жил Тагнуулын газрын даргыг халах тушаал гаргаснаас хойш хоёр удирдагч зөрчилдөж эхэлсэн аж. Ахмединежадын засаг захиргааны топ улс төрчдийг хууль сахиулагчид мөрдөн шалгаж эхэлсэн нь түүнд таалагдаагүй билээ. Хомейнийн нөлөөллийн хүрээний сонин “Keyhan”-д Ахмединежадын тэргүүн зөвлөх Эсфандиар Рахим Ерөнхийлөгчийг буруу замаар будаа тээсэн удирдагч гэж хэлсэн талаар мэдээлжээ. Ираны телевизээр мэдээлснээр парламентын 290 суудлын төлөө 3,400 гаруй нэр дэвшигчид өрсөлдөх юм байна. АНУ, Израйльтай сөргөлдөж эхэлсэн Махмуд Ахмединежадын Консерватив Засгийн газрын нэр хүнд улам буурчээ. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд, Европын холбоо тус улсын эсрэг эдийн засгийн хатуу хориг тавьсан юм. Эдийн засгийн хориг Төв банкны гадаад харилцааг боомилж эхэлснээс Иран газрын тосны худалдааг ам.доллараар биш, алтаар хийх болсноо мэдэгдсэн билээ. Иранчууд эдийн засаг нь уруудаж буйд АНУ, өрнөдийн эдийн засгийн хоригийг шүүмжлэхийн зэрэгцээ цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байсан эрдэмтдийн цаг бусын үхэлд эрх баригчдыг буруутгаж байгаа юм байна.
Н.Энх