Махны үйлдвэртэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Махны үйлдвэртэй танилцлаа

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  нийслэлийн хүн амын хэрэгцээний махыг бэлтгэсэн байдал, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Жаст Агро” ХХК-ийн “Мах маркет” нь нөөцийн махыг бэлтгэгч томоохон үйлдвэр юм. 11 салбар үйлдвэртэй уг компани өөрийн сүлжээ үйлдвэрүүдийг бий болгож чадсанаар мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх өндөр хүчин чадалтай болсон байна. Нийт үйлдвэрүүдийн тоогоор хоногт 1730  бод, 8900 бог мал нядлах хүчин чадалтай бөгөөд хадгалах хүчин чадал нь 19,200 тонн аж. “Мах маркет” сүлжээ үйлдвэрүүдийн давуу тал нь мал бүхий иргэдээс малыг дундын зуучлалгүйгээр,  үйлдвэр дээрээ шууд худалдан авснаар  бэлтгэсэн малын тоо өсч, технологийн дагуу боловсруулснаар махны чанар сайжирч, гарцаа 1,4-2,0 хувиар нэмэгдүүлсэнд байна. Мөн орон нутгийн онцлог болон зах зээлийн байдлыг харгалзан үнийн уян хатан бодлого барьснаар өртгийг хямдруулаад зогсохгүй малчин өрхийн амьжиргааг тэтгэх, малын хулгайтай тэмцэх зэрэг нийгмийн чухал ач холбогдолтой ажил болж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд шинээр 559 ажлын байр бий болгосон байна.
Тус компанийнхан Ерөнхий сайд С.Батболдод махны салбар дахь тулгамдсан асуудлуудыг танилцуулж, төрийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг илэрхийллээ. Үүнд: -Шинээр барихаар төлөвлөгдөж байгаа мах боловсруулах үйлдвэрүүдийг зогсоон одоо ажиллаж буй мах боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих, урт хугацааны бага хүүтэй зээл олгох тал дээр дэмжих, махны холбоонд мах боловсруулах үйлдвэр барих тусгай зөвшөөрлийг олгох эрхийг өгөх /дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилгоор/, амьд бод малын экспортыг хориглох, Хятадын зах зээлд мах экспортлоход импортын татвар өндөр байгаа тул Засгийн газар татварыг бууруулахад дэмжих шаардлагатай байгаа талаар санал бодлоо дэвшүүлсэн юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж