Дэлхийн №1 гүрэн задарч эхлэх нь энэ үү

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн №1 гүрэн задарч эхлэх нь энэ үү

АНУ-ын эдийн засаг өдрөөс өдөрт уналтад орж байгаа энэ үед улс төрийн нөхцөл байдал ч мөн ойлгомжгүй болж эхэлжээ.

АНУ-ын мужууд ам.доллараас татгалзаж, өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй болох талаар бодоцгоох болсон явдал Ерөнхийлөгч Б.Обама төдийгүй нийт улстөрчдийн сэтгэлийг машид түгшээж байна.

Вайоминг мужийн Парламент уржигдар америк доллар уналтад орсон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хуулийн төслийг авч хэлэлцсэн явдал энэ айдсыг улам ихэсгэжээ. Өргөн баригдсан хуулийн төсөлд хэрвээ холбооны улсын эдийн засаг сүйрч, америк долларын ханш унасан тохиолдолд хэрхэн ажиллах талаар томъёолсон бөгөөд мужийн шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах тухай заалтууд байсан аж. Ингээд зогсохгүй мужид зориулж онгоц зөөгч хөлөг онгоц худалдан авах тухай заалт ч байгаа юм байна /Вайоминг муж далайд гарцгүй/.

Мөн муж улс өөрийн гэсэн армитай болох заалт ч байсан талаар The Huffington Post сонинд мэдээлсэн юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн эхний шатанд онгоц зөөгч хөлөг онгоц, болон өөрсдийн армитай болох заалтууд хасагдаж, мөнгөн тэмдэгттэй болох асуудал нь л үлдсэн байна. Ингээд уржигдар санал хураалт болоход 27:30 буюу гуравхан саналын зөрөөгөөр унасан байна.

Эдийн засгийн хувьд салан тусгаарлах ийм санал Вайоминг мужид дэмжлэг авахад маш ойрхон ирээд унасан энэ явдал улстөрчдийг үнэхээр түгшээж байгаа юм. Үнэндээ ийм явдал аль эрт болох байсан ч Ерөнхийлөгч Б.Обама анхаарал "сарниулах" арга хэрэглэн өдийг хүртэл нууцалж чадсан. Харин одоо яаж ч хичээгээд нууж чадахаасаа өнгөрсөн бололтой.

Өдгөө тус улсын өрийн хэмжээ 15 триллион ам.долларт хүрээд байгаа бөгөөд Конгрессийн гишүүн, Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас дэвшихээр өрсөлдөж буй Рон Полын үзэж байгаагаар "дампуурлын ирмэгт ирээд байгаа" юм.

Х.Батсайхан

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж