Л.Балхжав: Хайр бол маш гоё торгон мэдрэмж

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Л.Балхжав: Хайр бол маш гоё торгон мэдрэмж

“Нэг сэдвээр ярилцъя” булангийн маань анхны зочноор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав уригдлаа. Хүний амьдралд өнө мөнх зүйл бол хайр байдаг. Тийм гэхийн аргагүй тэр наднин сэтгэлийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Энэ сэдвээр би түүнтэй ярилцахыг хүссэн юм. Нэг үгээр хэлбэл, хайрыг үнэлэх түүний үнэлэмж рүү нэвтрэхийг хүслээ.

-Та уран бүтээлдээ ихэвчлэн хайрын тухай өгүүлсэн байдаг. Тэгэхээр та их дурламтгай хүн үү?

-Дурламтгай гэж ойлгож болохгүй л дээ. Хайр гэдэг чинь агуу том зүйл. Хажууд нь дурлал харьцангуй жижигхэн шүү дээ. Хүн болгон хайраа янз бүрээр илэрхийлдэг. Зураач хүн гэхэд л зургаараа эх орон, ээж аав, хань ижилдээ хайртай гэдгээ хэлдэг. Миний хувьд хөгжмөөр хайраа илэрхийлэхийг хүссэн. Эх орноо, ээж ааваа, үр хүүхдээ, хань ижлээ хайрлах сэтгэлийн нандин мэдрэмжээ хөгжмийн эгшгээр илэрхийлэхийг хүссэн. Миний сэтгэлээс төрсөн хөгжмийн эгшгүүд хүмүүст уй гуниг, баяр жаргалын алиныг нь авчрахыг би мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, тэдний сэтгэлд хүрч байгаад баярлаж явдаг даа. Ер нь бол энэ дэлхий дээр амьдрал өрнөж байгаа цагт хайр байх л болно. Хүн төрөлхтөн үүссэн цагаас л хайр байсан. Тиймээс хайр бол өнө мөнхийн зүйл. Уран бүтээлчдийн хувьд энэ сэдэв бол дуусашгүй, дундрашгүй эх булаг юм уу даа.

– Хүмүүс бүх зовлонгоос айдаг. Харин нэг л зовлон руу тэмүүлж байдаг. Тэр зовлон бол хайр гэдэг шүү дээ. Таныхаар хайр гэж юу вэ?

-Хайр бол маш гоё торгон мэдрэмж юм уу даа. Хайрыг хайраар нь байлгахын тулд, тэр гоё торгон мэдрэмжийг ариун нандин чигээр нь үлдээхийн тулд хүн тодорхой хариуцлага хүлээх ёстой гэж би боддог. Энэ бол миний л хувийн бодол. Түүнээс биш хайр гэж түүнийг хэлнэ гэсэн теором байдаггүй. Тэгэхээр хайрын тухай хүн бүхний ойлголт, бодол, үнэлэмж өөр, өөр байдаг байх. Хүн эхээс мэндлэнгүүтээ л хайрыг амсдаг, хайрыг мэдэрдэг. Эцэг эхээ хайрлах, эцэг эхдээ хайрлуулах гээд. Хайр хэтэрвэл бас хэцүү. Багадвал бас дэмий. Тэгэхээр яг сайхан жор нь таарсан байх хэрэгтэй. Жор, орц нь таарсан хоол салахын аргагүй их сайхан амттай байдаг шүү дээ. Хайр бол яг үүнтэй адил байх ёстой. Хэтэрхий их хайр хүнийг эвддэг. Монголчууд буруу эрхлэсэн хүүхэд бухын хүзүүнээс дор гэдэг шүү дээ. Хүн эхлээд эцэг эхээ хайрладаг. Эцэг эхийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Дараа нь эх орноо хайрладаг. Насанд хүрсэн хойноо гэр бүл, үр хүүхдээ хайрладаг. Хайрлахад учир бий гэдэг үнэн үг шүү.Өнөөдөр манай нийгэмд хайр үнэхээр дутагдаж байна. Энэ нь надад их харамсалтай санагддаг юм.

-Хайр гэдэг зүйлийн үнэлэмж өнөөдөр буурсан гэж үү?

-Тиймээ, тэгж ойлгож болно. Хайрын ариун нандин байх ёстой. Хайрын цаана хариуцлага байх ёстой. Гэтэл яаж байгааг хар л даа. Эх орноо хайр найргүйгээр сүйтгэж байна. Хүн байгаль дэлхийгээ хайрлахгүй бол байгаль дэлхий биднийг хайрлахгүй шүү дээ. Хажуудаа байгаа бүхнийг хайрлахаас хайр эхэлдэг юм. Эцэг эхээ, ах дүүгээ хайрлаж чадахгүй хүн өөр бусдыг хайрлаж чадна гэдэгт би л лав итгэхгүй. Заримдаа бүр сэтгэл эмзэглэмээр юм сонсогдох юм байна шүү дээ. Хайрлахгүй байхын аргагүй хүмүүсээ гомдоож байгаа тухай.

-Хайртай хүнийхээ гарт амиа алдах явдал цөөнгүй гарах болжээ дээ?

-Харин тийм, маш аймшигтай.

-Хардалтаас л болдог юм шиг байна лээ. Хайртай бол хартай гэгчээр?

-Хардалт бол солиорол. Хайртай хүнээ хардаж, зовоож байна гэдэг хайр биш л байхгүй юу. Хайр бол бие биедээ итгэх итгэлцэл, уучлал, хүндэтгэл дээр тогтдог юм. Түүнээс биш хайртай бол хартай гээд учир утгагүй хардаад байвал түүн шиг тэнэг хэрэг хаана байх вэ. Бие биенийхээ нүд рүү хараад л тэр хүний дотоод сэтгэлийг уншиж чаддаг, юу хүсч, юу бодож байгааг нь мэдэж чаддаг байна гэдэг хайрын нэг илрэл шүү дээ. Хаагуур яваад ирэв, хаачаад ирэв гээд учир зүггүй байцаагаад, зовоогоод унавал хайрын нөгөө торгон, гоё мэдрэмж чинь бага багаар алга болно. Амьдрал хайр дээр, хайр итгэл дээр тогтдог юм. Хайрыг хиртээж болохгүй, одоо юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Нэг л агуу, наднин, хэрнээ эмзэгхэн зүйл дээ. Хүнийг харамлаж байгаа бол хайраар л лавшруулах хэрэгтэй.

-Амьдрал мөнгө дээр тогтдог болчихсон юм биш үү, одоо үед. Санхүүгийн тусламж үзүүлэх хэн нэгэнтэй танилцаж сууна гэсэн зарууд л их сонсогдох юм байна шүү дээ?

-Мөнгө хүнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ амьдрал мөнгөн дээр тогтдог гэж ойлгож, бодож болохгүй. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй юм хайр л байдаг юм. Одооны хүүхдүүдэд тэнэг санагдаж магадгүй л дээ. Бидний үеийнхэн суух гэж байгаа бүсгүйдээ хайртай л бол ажилгүй, мэргэжилгүй, аав ээж нь хэн байх нь хамаагүй амьдрахын төлөө зүтгэдэг байлаа. Түүнээс биш ээж аав нь мөнгөтэй юмуу, ар гэрийн амьдрал нь ямар юм бэ, боломжийн ажил төрөлтэй юм уу гэж хэзээ ч судалж байгаагүй л дээ. Тэгээс л амьдралаа эхэлж, хамтдаа бүхнийг цогцлоохын төлөө л зүтгэдэг байсан санагдах юм. Энэ нь бидний хувьд аз жаргал гэдгийг одооны хүүхдүүд ч ойлгохгүй байх л даа. Эцэг эхийнх нь албан тушаал, эд мөнгөтэй суугаад аз жаргалтай амьдарна гэдэг миний л санаанд багтахгүй байна.

-Хайр, дурлал хоёр юугаараа ялгаатай бол?

– Хоёулаа л сэтгэлийн торгон утсыг хөнддөг, тийм гэж хэлэхийн аргагүй зүйл шүү дээ. Гэхдээ дурлал бол өнгөцхөн зүйл юм уу даа. Дурлал бол тухайн цаг зуурын асуудал. Мэдээж бас хайртай салшгүй холбоотой. Хүн эхлээд дурлана. Дараа нь хайрлана. Ер нь бол хайр мөнхийн гэдэг үгтэй хамт сонсогддог л доо.

-Хүн нүдээрээ, чихээрээ, сэтгэлээрээ дурладаг гэдэг шүү дээ. Таны хувьд?

-Сэтгэлээрээ дурласан болоод л он жилийг хамтдаа туулж яваа байх аа. Эхлээд нүдээрээ, дараа нь сэтгэлээрээ дурладаг болов уу. Миний хувьд тэгсэн байх. Эхнэрийнхээ гоо сайханд, дараа нь сэтгэлийн сайханд татагдсан даа.

-Хайртай гэдэг үгийг хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Одоогоос 29 жилийн өмнө буюу 1978 онд уран бүтээлээрээ эх орондоо хайртай гэдгээ хэлсэн юм байна. “Амин нутаг” дуугаараа хүү чинь эх орондоо хайртай шүү гэдгээ илэрхийлсэн. Хүүхэд төрөөд л ээж аавыгаа хайрлаж эхэлдэг. Тэгэхээр эцэг эхдээ хайртай гэдгээ анх 1959 онд хэлжээ дээ би. Миний төрсөн он байгаа юм. Харин хоёр хүүгийнхээ ээж, ханьдаа хайртай гэдгээ 1981 онд хэлсэн дээ. Том хүүгээ хайрлах хайр минь 1983 оноос эхэлсэн. Харин бага хүү маань 1993 онд төрсөн. Тэгэхэд би хүүдээ хайртай гэж чихэнд нь шивнэж билээ. Тэгэхээр хайртай гэдгээ хамгийн түрүүнд ээж, аавдаа л хэлсэн юм байна даа.

-Бүсгүй хүнийг хайрлах мэдрэмж эцэг эх, эх орноо хайрлахаас өөр биз дээ?

-Энэ мэдрэмжийн тухай тайлбарлахад үнэхээр хэцүү юм байна. Бүсгүй хүн тэр чигээрээ хөгжмийн эгшиг. Бүсгүй хүнийг хайрлахаар сэтгэлийн догдлол нь илүү их болчихдог юм шиг байна лээ.

-Эхнэрээсээ өөр хэн нэгэн эмэгтэй хүнд хайртай гэж хэлж байсан уу?

-Өө, бага залуу үед бол хэлж л байсан байлгүй. Залуу байхад хайр, дурлал хоёрыг ялгах сөхөөгүй дэвэргэн сэтгэлээр л ханддаг шүү дээ. Залуу хүн болгонд тохиолддог зүйл дээ. Харин жинхэнэ хайр мөн эсэхийг цаг хугацаа л харуулдаг юм болов уу даа. Одоо надад бол хамгийн сайхан бүсгүй хоёр хүүгийн маань ээж л санагддаг юм. Хажууд нь байхад хүртэл санаад л байдаг болчихдог юм билээ. Холдохын аргагүй миний сэтгэлийн аргамжаа бол миний хань юм даа. Хоёр хайр нэг нэгэндээ уусаад нэг зүрхээр хорвоог хардаг болчихдог юм биш үү, ер нь.

-Та эхнэрээ хэр харддаг вэ?

-Өвөө болчихоод уу. Би сарын өмнөхөн өвөө болчихоод л сууж байна. Том хүү маань хүүтэй болсон. Ачаа үзэхээр хүүтэй болсноосоо илүү их догдолдог юм билээ. Залуу байхад харамлах асуудал байсан байх аа. Гэхдээ харамлаж байна гээд элдвийн муухай зан гаргаж байгаагүй ээ. Хүүхдүүдэээ аав шиг нь аав, ханьдаа хань шиг нь хань байхыг л би хүсдэг. Тэгэхийн төлөө л энэ бүгдэд хариуцлагатай ханддаг даа. Хардаж байна гээд нүдээд, зодоод, хайрлаж байна гээд утга учиргүй, үнсэж таалаад байхыг хайр гэдэггүй байх. Олон дахин илж, таалж үнссэнээ хайр гэж хэлж болохгүй л дээ.

-Хайрыг хөгжмөөр илэрхийлбэл?

-Миний хувьд хайр бол таван эгшиг буюу пентатоник.

-Тэгвэл өнгөөр илэрхийлээч?

-Хайрыг нэг өнгөөр илэрхийлж болохгүй байх аа. Хайр янз бүрийн өнгөтэй байдаг. Улаан, хөх, ногоон, цагаан гээд л. Хав халуун үедээ хайр ув улаан харагдах байх. Бас тэгээд уудам хөх тэнгэр шиг үзэгдэх болов уу. Хайр хэнзэлж буй үеийг би нов ногоон өнгөтэй зүйрлэмээр байна. Бие биеэндээ, зүрх зүрхэндээ уусаад ирэхээр цав цагаан өнгөтэй харагдах юм шиг санагдаж байна даа. Хайр бол олон өнгөөр солигддог зүйл шүү дээ. Өнгө болгон өөр, өөрийн онцлог, өвөрмөц шинж төрхтэй болохоор хайрыг би ганцхан өнгөөр илэрхийлмээргүй байна.

-Ханьдаа зориулж нэлээд олон дуу зохиосон байх. Хамгийн сэтгэлд хүрсэн нь ?

-“Хайрын дээд хань” дуу зохиосон маань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн дээ. Хоёр хүүхдийнхээ ээжид зориулсан энэ дууны үг үсэг, аялгуу, хөг болгонд миний хайр шингэсэн байгаа. “Номин талст” хамтлагийнхан маш гоё дуулсан. Дүү нартаа баярлаж явдаг шүү. Сэтгэлээс гарсан аялгууг сэтгэлээсээ дуулсан учраас хүмүүст их хүрсэн байх. Ер нь бол хувьсгалын тохироо бүрдсэн дуу байгаа юм. Үгийг нь миний хамгийн дотны найз нар болох Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар, До.Цэнджав гурав хамтдаа сууж байгаад нийлж бичиж билээ.

-Нээрээ таны дууны үгийг ихэвчлэн Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар хоёр бичсэн байдаг шүү дээ?

-Нэг үеийн нас ойр болохоор бид хэд гар нийлдэг юм. Үзэл бодол маань адилхан болохоор бидний хамтдаа бүтээсэн дуунууд хүмүүст их хүрдэг юм болов уу даа. Хүн найз нөхдөө хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Хамгийн хүнд үед нь хэн нэгэндээ хань болж байж л найз нөхөд гэдэг нэрийг зүүх ёстой юм шиг надад санагддаг. Тэнүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусла гэдэг үг байдаг шүү дээ. Амьдрал үргэлж цагаанаараа байдаггүй. Тэр болгонд найз нөхдийн дэм, хайр л хэрэгтэй байдаг даа.

-Удахгүй шинэ жил болох нь. Эхнэртээ ямар бэлэг өгөх гэж байна?

-Шинэ жил бол гэр бүлийн баяр байдаг шүү дээ. Шинэ жилийн үдэш элэг бүтэн аз жаргалтай, гэр бүлээрээ хамтдаа байна гэдэг хамгийн том бэлэг. Он солигдох болгонд гэр бүлийн баяр баясгалан нэмэгддэг гэж би ойлгодог.

-Гэхдээ л та эхнэртээ ямар нэгэн бэлэг өгөн биз дээ?

-Өгнө л дөө. Тэр бэлэг асар үнэтэй байхдаа биш сэтгэлийг нь хөдөлгөх ямар бэлэг өгөх вэ гэдэг л сюрпириз шүү дээ. Хоёр хүүтэйгээ ярилцаж байгаад бид гурав ямар бэлэг өгөхөө сонгодог юм. Нэг удаа бид гурав ярилцаж байгаад хоёр нохойн гөлөг худалдаж аваад шинэ жилийн бэлэг болгоод өгсөн чинь баярлах биш уурласан шүү. Нялх амьтдыг эхээс нь салгалаа гэж мань хүн уурласан юм шиг байна лээ. Нөгөө хоёр гөлөг нь шөнөжин чарлаад унтуулаагүй л юм даг.

-Та ер нь эхнэрээсээ хол шинэ жилийг угтаж үзсэн үү?

-Үгүй ээ, бид хоёр гэр бүл болсон тэр цагаас хойш шинэ жил болгоныг хамтдаа угтсаар  ирлээ. Эхнэр хүүхэд маань миний амьдралын хөг эгшиг, өмөг түшэг, утга учир маань юм даа

2007 оны 12 сарын 13

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж