Говь-Алтай аймгийн МХГ-аас энэ оны өнгөрсөн сард Алтай Баянхонгорын чиглэлд баригдаж байгаа 128 км хатуу хучилттай авто зам болон Тайшир сумын 222м бетонон гүүрний ашиглалтын байдалд шалгалт хийсэн байна. Шалгалтаар өнгөрсөн онд хийгдсэн 25км хатуу хучилтай авто замын хучилтын 42 хэсэгт 275м.кв талбайтай хууралт үүссэн, мөн авто замын суурьт 20 см зузаантай буталсан чулуу ашиглахаар заасан боловч байгалийн элс хайрганы хольц лаборотийн шинжилгээнд хамруулж, орц норм тогтоогоогүй шууд ашигласан, Тайширын голын ус ихэсч, төмөр бетон гүүрийн дам нуруунд тулж гүүрийн ашиглалтад муугаар нөлөөлөхөөр болсон зэрэг зөрчил гарсан байна. Хатуу хучилттай замын баталгаат хугацаа гурван жил байдаг боловч гуравхан сарын дараа эвдрэл их хэмжээгээр үүссэн нь ажлын хяналтыг муу тавьсан, хучилтын ажлыг хүйтний улиралд хийж, чанаргүй материал ашигласан зэргээс шалтгаалсан гэж үзэж байгаа юм байна.
Э.Сараа