Төв хийдийн хажууханд Алтанганжуур ном унших, бусад ном хурах, иргэдийн уншуулах номын захиалга бичих, даллага авахуулж, сэржим өргүүлэх зэрэг хийдүүдийн өмнө сүсэгтэн олон саяхан нөөцийн маханд оочирлож байсантай адил хэмжээний урт дарааллыг үүсгэжээ. Алтанганжуур ном хурах хийд хамгийн их оочертой байлаа. Шинийн наймны буянт өдөр буян үйлдэж ном хуруулах гэж хүлээх иргэд ичиж, айсан шинжгүйгээр "Урдуур хүн орууллаа,Оочер дайрлаа, хурдан үйлчилсэнгүй" гэж хэрүүлийн алим хувааж орилолдоно. Гаднах хананд бүх номын тарифыг бичин хаджээ. Эдгээрээсхамгийн үнэтэй ном нь Алтанганжуур бөгөөд нэг хүний 10 мянган төгрөгийн төлбөртэй ажээ. Алтанганжуур нь Бурхан багшийн айлдсан 84 мянган ном буюу хишиг зарлигийн эмхэтгэл орчуулга ном гэнэ. Иймээс ганжуур дотор багтаагүй ном үгүй бөгөөд авралын дээд, тус эрдэм ихтэй ном аж. Буян, чуулганыг ихээр хураахад айлддаг Данжуур хуруулахад 6000, насны барцад арилгах Цэнд-Аюуш ном гурван мянган төгрөг, Хийморын сан тавиулахад 300 төгрөг гэх мэтээр харилцан адилгүй ханштай бөлгөө. Өдрийн 12,00 цагийн үед заслын ом уншуулах захилга авдаг хийдэд 30 гаруй минут хүлээсний эцэст орлоо. Иргэдийн олонхи нь захиалгаа бичүүлэлгүй буцан гарцгаав. Гуч гаран насны хүүхэн халагласаар гарч явахад нь учрыг асуувал "Телевизээр үнэгүй ном хурж, засал хийнэ гэсэн. Тэгэхээр нь олзуурхаад ажлаа таслаад ирсэн чинь төлбөртэй гэнэ. Үүнийг мэдсэн бол гадаа цаг шахам оочерлож зогсохгүй байсан юм" гэлээ. Энэ өдөр бичсэн номыг маргааш өглөө нь лам нар тухайн хүний нэрийг айлдан хурдаг ажээ. Тухайн үед ном айлдуулж буй хүн нь өөрийн биеэр байвал илүү ач тусаа хайрладаг жамтай. Харин тавагтай идээний хамт даллага авахуулж, сэржим өргөж буй иргэд шинийн наймандаа багтан засалаа хийлгэх боломжтой байв. Засал хийлгэж ном хуруулах үнэ ханш нь тухайн хүний жилээс хамааран янз бүр. Жишээ нь таван том хүн, хоёр хүүхдийн засал хийлгэхийн тулд дөч орчим насны эхнэр, нөхөр 99 мянган төгрөг төлж харагдав. Гэтэл ам бүл 16-уулаа нэгэн гэр бүлийн жилийн засал нийт 57 мянган төгрөг болов. Ийнхүү үнийн зөрүүтэй байгаа нь шалтгаантай ажээ. Алтанганжуур номыг гэр бүлийн дөрвөн гишүүн бүрт уншуулваас 40 мянган төгрөг, зөвхөн аавын нэр дээр уншуулан ам бүлийн тоо дөрөв хэмээн нэмэлтээр бичүүлвэл харьцангуй хямд буюу 10 мянган төгрөг болх жишээтэй. Хоёрдахь гэр бүлийн аргаар ном хуруулбал төлбөр мөнгөний хувьд арай хямд тусах. Гэхдээ сонголт эрхэм сүсэгтэн таны гарт.
Хийдүүдийн үүдэнд наймаачид тариа, алтангургалдай шувууны өд, төрөл бүрийн календарь, зурхайн сонингуудыг зарж байлаа. Хамгийн ашигтай наймаа нь "XVII жарны Баясгалант хэмээх Усан луу жилийн төөрөг түүнийг сайжруулах засал" хэмээх зургаан хуудас хэвлэсэн "товчхон" календарь байв. Жил жилээр нь ангилан хэвлэсэн Л.Тэрбишийн цаг тооны бичгээс хуулбарласан энэ хэвлэмэл нь 500 төгрөгийн үнэтэй. Арц хийх хоосон уутыг нь 50 төгрөг, рашаан хийх вакусны шилийг 100 төгрөгөөр арав гаруй хүн зарж харагдлаа. Худалдаачдын хэлсэнээр вакусны шил нь арав дахин нугардаг хамгийн ашигтай наймаа гэнэ. Хийдийн гурван цонхоор дугаарласан хүн бүрт нэг жижиг халбага арц өгөх ба уут нь 20 төгрөг. Мөн худалдаачдаас авсан тавин төгрөгийн шинэ уутанд арц өгөхгүй өөрсдийн зарж байгаа алгын чинээ 20 төгрөгийн уутанд л савлаж байв.
Гандангийн ойр орчим байрлах зурхайч, засалч нарын үүдэнд ч засал хийлгэх иргэд их байлаа. Заслаа хийлгэх гэж буй иргэд "Хувиараа засал хийж, ном хурж байгаа лам нараар заслаа хийлгэсэн нь хамаагүй амар юм байна. Гандантэгчинлэн хийдэд цугласан хүмүүс шиг олон цагаар хүлээж, өндөр тариф төлөхгүй. За тэгээд, арай гэж өөрийн нэр, уншуулах номоо бичүүлэхээр маргааш нь уншина. Тэгсэнээс хувиараа засал хийж байгаа эдгээр лам нарт сүсгээрээ мөнгөө бариад тэр дор нь заслаа хийлгээд авах нь дээр юм" гэцгээж байлаа.
Бурханы эд зүйлс худалдаалдаг дэлгүүрт орж үзлээ. Хамгийн тх гүйлгээтэй байсан нь есөн ширхэгтэй хар, цагаан чулуу 400, хийморын дарцаг 1500, хадаг 600, найман тахилтай хадаг 12 мянга, даллаганы уут хоёроос таван мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ингээд өдрийн 14,00 цаг болоход сүсэгтэн олны тоо улам нэмэгдлээ. Тэдний дунд Хилийн цэргийн ангийн цэргүүд Мэгжиджанрайсиг бурхандаа мөргөн, жагсаалаараа хөл нийлүүлэн алхах нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.
Эцэст нь ирэх шинийн 15-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд жилийн заслаа хийлгэж, буяны ном хуруулахаар зэхэж буй иргэд шинийн 14-нд номын төлбөрийн хамт очин захиалгаа өгөх хэрэгтэйг сануулъя.