-Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төслүүд ихээхэн хэрэгжиж байна гэдэг. Өмнөх жилүүдийхтэй харьцуулахад одоо хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд байгаа вэ?
-16 жилийн өмнө жилд орж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 20-30 сая долларын хэмжээтэй байсан. Харин 16 жилийн дараа одоо анх удаа нийтэд дэлгэн хэлэхэд, 9,6 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт Монголд орж ирчихээд байна. Өнгөрсөн онд нийтдээ 5,8 тэрбум доллар, энэ он гараад эхний нэг сарын байдлаар 9,6 тэрбум байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байна.
-Хөрөнгө оруулалтын ихэнхийг уул уурхайн салбарт оруулж байгаа байх?
-Сүүлийн жилүүдэд стратегийн томоохон орд газрууд эргэлтэнд орж байна. Үүнтэй нягт холбоотойгоор ул уурхайн салбарт гадаадынхан хамтран ажиллах боллоо. Гэвч зөвхөн энэ салбар биш, хүнс хөдөө аж ахуй, барилгын материалын салбар гээд ерөнхийдөө хуулиар хориглодоггүй бүх салбарт хөрөнгө оруулалт орж ирж байна.
-Улс орны эдийн засгийн бодлогын хүрээнд аль нэг салбарыг түлхүү барих нь хөгжлийн хурдасгуур гэдэг. Манай улсын хувьд ямар бол?
-Монголчууд хийж чаддаг салбартаа хөрөнгө оруулалтаа сайн татах хэрэгтэй байна. Харин хийж чадахгүй байгаа буюу техник технологи шаардаж байгаа тэр орон зайдаа хөрөнгө оруулалтыг татах нь тэргүүн туршлага. Бид дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ямар нэгэн салбарыг хязгаарлалт тогтоох учиргүй. Гэвч манай эдийн засаг өөрөө жижиг учраас төрийн зохицуулалттай байдаг ч нээлттэй бодлого барих шаардлага бий л дээ.
-Хөгжил буурай орнууд гадныхнаас их дэмжлэг хүсдэг гэдэг?
-Шууд хөрөнгө оруулалтын урсгал дэлхийд их түгээмэл байдаг. Зөвхөн буурай хөгжилтэй, хөгжиж байгаа орнууд шууд хөрөнгө оруулалтыг авдаг биш, өндөр хөгжилтэй орнууд ч бусад оноос орж ирэх хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байдаг юм. Жишээ нь, Канад, Англи, Америк зэрэг улс байна. Тиймээс бид аливаа бизнес эрхлэгчид гадны хөрөнгө оруулалтын төлөө зүтгэх ёстой. Мэдээж улс орныхоо аюулгүй байдал, эрх ашгийг бодолцож үзэх л ёстой.