Унживч унаж өгөхгүй жимс

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Унживч унаж өгөхгүй жимс

Хоногийн хоолны мөнгөө яая гэдэг байсан ядуу айлын ажилгүй эхнэр хүн хөлсөлж хүүхдээ мөнгөөр харуулна гэж ярьж явахыг сонслоо. Халамжийн 21 мянгыг хүүхдийнхээ тоогоор үржүүлээд тэднийх сарын 120 мянгын орлоготой болсноос гадна энэ жилийнхээ одонгийн мөнгөө авчээ. Нөхөр нь хааяа хууль бус ан хийж хэдэн төгрөг нэмэрлэдэгт сэтгэл ханасан бүсгүй “солиорч” яваа нь энэ. Хүүхдээ хүн хөлсөлж харуулчихаад өөрөө ажилд орох нь гэж баярлатал “Дөч шахталаа ажил хийж үзээгүй хүн одоо яаж чадах вэ, хөөрхий ядарна” гэж тэтгэврийн эх нь халаглав. Ийм зүйл сонссон төдийд сэтгэл харанхуйлж байхад тэд өөрсдөө яаж урдахь замаа олж үзэж байгаа хэрэг вэ?!

Хоосон айлын хүүхэд, нохой хоёр эрх гэж үг байдаг сан, хэвээрээ болов уу? Ухаан санаа нь ядуу байх тусам хүүхэд, нохойгоо эрхлүүлдэг юм бол өнөөдөр хүн бүрээ халамжаар тэтгэсэн Монголын төр тэнэгэрч гүйцлээ. Төрийн бодлогыг хэн хэрэгжүүлдэг юм бэ? Төрийн эрхэнд гарсан улс төрийн нам! Тэгвэл төрийн эрх мэдлийн төлөө тэмцэж яваа МАН ирэх сонгуулиар иргэдэд дахиад л халамж амлалаа. Ядуу Монголын иргэн бүр “эрхийн тэнэг” болчихоод хүний гар дээрээс хоол горьдон хамарт нь хүргэсэн бүхнийг үнэрлэн цорволздог гөлөг шиг байгаасай гэж үү?!  

Цалингийн хэмжээг 1.300,000 төгрөг болгоно, дөрвөн хүүхэдтэй өрхөд байр өгнө, олон хүүхэдтэй эхэд тэтгэмж нэмж олгоно… Хамрын үзүүр шүргэн алдаж, ахиад нэг ухасхийвэл аманд орчихоор харагдах эдгээр боломжуудыг МАН “хөгжлийн модны үр жимс” хэмээн саяхан танилцууллаа.

Энэхүү бодлогоо сонгуулийн хүрээнд хэлэлцүүлж, дэмжлэг авахаар зорьж буй. Өрсөлдөөнгүйгээр төрийн эрх барьж байсан МА/Х/Н сүүлийн хорин жилд ухаарсан зүйл олонтой болжээ. Өмнө нь юу ч амлахгүйгээр иргэдээс эрхийг нь авч болдог байсан бол одоо үгүй гэдгийг ухаарсан хэрэг.

Дөрвөн хүүхэдтэй өрхийг орон сууцжуулахын тулд ядаж орон сууц нэмж барих хэрэгтэй, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд ядаж V цахилгаан станцыг барьж, инженерийн шугам сүлжээг нэмж, ундны усны эх үүсвэрийг шийдэх учиртай. Тэгэхгүйгээр орон сууц ч бүтэхгүй, зургаан хувийн хүүтэй зээл ч биелэхгүй. Цалинг өсгөхийн тулд тэр хэмжээний баялаг ард нь бүтээгдэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, баялаг нэмэгдэхгүй бол өмнө нь 100 төгрөгөөр авдаг байсан зүйлээ бид 200 төгрөгөөр авдаг болно. Энэ бол талх, мах, гурил, будаа, бензин шатахуун гээд бүх зүйлийн үнэ өснө гэсэн дүрэм.Үлгэрт аливаа сайн сайхан төгсгөл ид шидийн хүчээр бүтдэг бол бодит амьдрал дээр тэр бүхэн уг нь бодлогоор, хөдөлмөрөөр шийдэгддэг.

Байшингийн дээврүүд дээр хаддаг байсан социализмын үеийн уриа лоозонгууд шиг сайхан амлалтуудыг МАН тээр дээр гаргаад өлгөчихлөө. Түүнд яаж хүрэхийг хэн нь ч мэдэхгүй мөртлөө иргэд нь итгэдэг, цаддаг байлаа. Өнөөдөр хүн амынх нь 40 хүртэл хувь нь ядуу, тарчиг байгаа монголчуудад ч тээр дээр дэлгэгдсэн сайхан амлалтууд таалагдаж байгаа байх аа… Яагаад гэвэл төр, засаг амласан бүрээ л өгч ирсэн шүү дээ.

Үнэндээ сонгууль бүрээр эрх мэдэлтнүүд бэлэн амлаж, халамжийг хавтгайруулсны үр дагаварт Монголд хүн үнэгүйдэж, хөдөлмөрийн үнэ­лэмж шалдаа буусан гэхэд болно. Хөдөл­мөрийн үнэлэмж байхгүй га­зар хөдөлмөрийн бүтээмжийн ту­хай ойлголт байхгүй. Үйлдвэрлэл ч байхгүй… Бид өнөөдөр юу ч үйлд­вэрлэдэггүй. Зөвхөн хэрэглэдэг. Хэрэв халамж авдаггүйсэн бол хэрэглэгч ч байж чадахгүй хэмжээнд хүртлээ олонх маань эрхэлжээ. Яг л хоосон айлын хүүхэд, нохой эрх гэгчээр…
Ийм сэтгэлгээн дээр хамгийн сайн тохирох хөгжлийн бодлогыг МАН ердөө сонгуульд л зориулан боловсруулжээ. Өөрсдийгөө хуурсан энэ бодлогоор иргэдээ ч хуурах уу тэгээд? Улс орныг бүтэн хоёр зууныг дамжуулан удирдсан хэмжээлшгүй эрх мэдлээ хадгалахын тулд өнгөн дээрээ үнэмшмээр сайхан харагдавч үнэндээ улам бүр ядуурал, сүйрэл рүү түлхэх халамжийн амлалт, хоцрогдсон аргаа дахиад л давтаж байх шиг. Сонгуулиас сонгуулийн хооронд үзэл бодлын гэхээс илүү эрх мэдлийн хуваарилалт, ашиг сонирхлынхоо улмаас задарч, хоёр тасарсан МА/Х/Н-аас иргэд, сонгогчид шинэ гэрэл гэгээ, эрүүл саруул бодлого хүлээнэ гэдэг бүтэшгүй зүйл бололтой. Бүх юм бэлэн харагдана. Унжаад байхаар унаад ирээсэй гэдэг шиг л… Амлалт аа гэж.   

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж