”ЭЗ-ийг сөрөх салхины эрч нэмэгдэж болзошгүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

”ЭЗ-ийг сөрөх салхины эрч нэмэгдэж болзошгүй”

“Монголын эдийн засгийн өсөлт 2010 онд 6,4 хувьтай гарсан бол 2011 онд 17,3 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй үзүүлэлт боллоо” хэмээн дүгнэж буй ч Дэлхийн банкнаас манай улсын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж байгааг анхааруулав. Өнгөрсөн онд тус банк мөн л ийм анхааруулгыг эрхбаригчдад өгч байсан удаатай. Хэдийгээр  2010 онд 13 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин есөн хувь болж багасчээ. Гэвч оны эцэст инфляци 11.1 хувьд хүрч албан бус салбарын ажилчдын бодит орлого буурсан, эдийн засаг хэт халж байгаагийн үндсэн шалтгаан нь уул уурхайн орлого хурдацтай нэмэг­дэхийн  зэрэгцээ төсвийн зарлага  56 хувиар өссөн явдалтай холбоотой гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкнаас гаргасан байна.  Төсвийн мөчлөг дагасан энэхүү бодлого нь Монгол Улсад урьд өмнө нь тохиолдож байсан “тэлэлт-агшилт”-ын мөч­лө­гийг давтах эрсдэлийг дагуулж буй гэнэ. Европын улсуудад өрийн хямрал үргэлжилж, эрдэс баял­гийн бүтээгдэхүүний үнэ огцом унаж болзошгүй энэ үед төсвийн зарлага их байгаад тус банкны мэргэжилтнүүд эмзэглэж буй аж. Хэдийгээр Монголбанкнаас инф­ляцийг хазаарлах, зээлийн өсөлтийг хумих чиглэлээр 2011 онд чухал арга хэмжээ авч ажилласан ч бодлогын хүүгийн бодит түвшин сөрөг нөлөөтэй байгаа гэнэ. Төгрөгийн ханш 2011 онд 11 хувиар суларсан нь инфляци дотоодод өндөр байгаа, түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд оны эцсээр буурсантай шууд холбоотой юм. Тэгэхээр цаашид монголчууд ямар арга хэмжээ авч төгрөгийн ханшийн тогтвортой барих талаар тус банкныхан зөвлөгөө өгч байна. Өөрөөр хэлбэл,  ханшийг уян хатан байлгах нь чухал бөгөөд төгрөгийн ханшийг нэг чиглэлээр өөрчлөгдөнө гэсэн хүлээлт дээр үндэслэсэн ашиг хонжоо олох гэсэн дайралт үүсэх эрсдэлийг багасгаж, гадаад цочрол (жишээлбэл, эрдэс баялгийн үнэ) бий болсон тохиолдолд төсөв, экспортын орлогод шууд нөлөөлөхгүйгээр эдийн засагт шингээж авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. 2008 онд Монгол Улсын дотоодын зах зээлд үүссэн ийм цочрол тэр чигээрээ эдийн засагт нөлөөлж, агшилтыг дагуулсан байдаг. Тиймээс ханшийг уян хатан байлгах нь нэрлэсэн ханшны хэлбэлзэлийг эдийн засагт шингээхэд тустай бөгөөд бодит орлого болон бизнесийн ашигтай байдалд сөргөөр нөлөөлөх цалин хөлс, ажлын байр эрс буурах үр дагавараас сэргийлэх юм. Эцэст нь, ханш уян хатан байх нь хувийн хэвшил болон банкуудыг хамгаалалтгүй эрсдэл үүрэх сонирхлыг бууруулах гэнэ лээ. Түүнчлэн уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, нефть бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч, гадаад худалдааны тэнцэл 2011 оны 12 дугаар сард 1.7 тэрбум ам. долларын алдагдал амссаныг мөн л урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл хэмээн тайлбарлажээ. Экспортын өсөлтийг дэмжсэн гол бараа нь БНХАУ руу гаргаж байгаа нүүрс юм. Урсгал дансны тэнцэл 2010 онд ДНБ-ий 14 хувьтай тэнцэж байсан бол 2011 онд 35 хувьтай тэнцэх болж нэмэгдсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалаар бүрэн санхүүжигдсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн улирлын нийлбэрээр 5.3 тэрбум ам. долларт хүрч, ДНБ-ий 62 орчим хувьтай тэнцэж байгаа гэнэ. Хэдийгээр эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй гарсан ч үүний дийлэнхийг гадаадын хөрөнгө оруулагч “амталж” байна  бөгөөд харин Монголын  ядуу өрхийн тоо 130 мянгад хүрч, таван өрх тутмын нэг нь ядуу гэсэн тооцоог гаргажээ.

Дэлхийн эдийн засгийн байдал эрсдэлтэй байгаагаас эдийн засгийг сөрж байгаа салхины эрч нэмэгдэж болзошгүйг Дэлхийн банкнаас анхааруулж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцээд удахгүй болох гэж байгаа сонгууль дотоодын нөхцөл байдлыг улам тодорхой бус болгож байгааг шүүмжилж. Тогтворжуулалтын санд хангалттай хэмжээний хуримтлал үүсэх хүртэл Монгол Улс эрдэсийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлд их өртөмтгий байх гэсэн. 2008-2009 оны хямралын үеэр БНХАУ дэд бүтцээ анхаарч эдийн засгаа дэмжиж бодлого авч хэрэгжүүлж байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлт буурч буй өнөө үед дахин ийм арга хэмжээ авахгүй байх магадлал өндөр байгааг Монгол Улс анхаарах хэрэгтэй бололтой.   

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж