Зөрчил илэрсэн уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсооно

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Зөрчил илэрсэн уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсооно

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зам тээвэр, мэдээлэл холбооны хяналтын хэлтсийн дарга Д.Доржханд,Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хэлтсийн газрын дарга Н.Батбаяр, Геологи уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мөнхтамир нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын геологи уул уурхайн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнхтамир “2009 онд уул уурхайн чиглэлээр хийгдсэн томоохон шалгалтуудыг хийсэн. Шалгалтын явцад нийтлэг гарч байгаа зөрчил нь тухайн ашигт малтмал олборлогчдын шинж чанараас хамаараад өөр байх жишээтэй. Тухайлбал, түгээмэл тархацтай ашигт малтмалыг Монгол Улсын хэмжээнд 60 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд тусгай зөвшөөрөлгүй олборлож, үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон. Түүнээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдын барилгын чанар стандарт нь технологийн төвшинг хангахгүй байгаагаас элс хайрга, дайрга олборлогчид, тоосгоны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа маш хангалтгүй байна. Жонш олборлогч аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд нийтлэг зөрчил нь техник тоног төхөөрөмжийн байдал, боловсон хүчний хангалт, санхүүгийн чадамж муу байдлаас шалтгаалж олборлолтын явцад уулын технологийн горимыг зөрчиж байна. Техник технологийн горимыг анхнаас нь баримтлаагүйгээс нөхөн сэргээлт, байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихсэж байна. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд ерөнхийдөө шороон ордыг ашиглаж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь гол усны голдирол, ойн сав газарт төвлөрсөн байдгаас усны тухай хууль тогтоомжийн зөрчил дийлэнх нь байдаг. Энэ жилийн хувьд үзлэг шалгалтын хувьд эхнийх нь Дорноговь аймгийн Айраг суманд үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайнуудаар хийлээ. Тус суманд жонш олборлогч төвлөрсөн газар. Нийт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 24 аж ахуйн нэгжээс долоон аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийсэн. Үүнд “Ийжимүн” компани, “Янтай уул” жонш боловсруулах, баяжуулах үйлдвэр, “ЗЦБН” зэрэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд, тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан хувиараа ашигт малтмал олборлогч тусгай журам нь Ашигт малтмалын тухай хууль болон хэд хэдэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдлоо. Үүний зэрэгцээ Ашигт малтмалын хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа нь харагдаж байлаа. Зөрчил илэрсэн “Ийжимүн” компани, “Монголросцветмет” нэгдлийн “ЗЦБН” уурхайг хаахаар албан шаардлагыг хүргүүлээд байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд техник эдийн засгийн үндэслэлд заасан заалтыг өөрчилсөн, уулын технологийн горим алдагдсан, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний шаардлагуудыг биелүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн. Мөн дийлэнх компаниуд баталсан техник эдийн засгийн үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг зөвхөн шалгалтын үед үзүүлэх сургалтын маягаар ашигладаг болох нь тогтоогдсон” гэлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Дорноговь аймгийн харьяа мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, удирдлагуудад арга хэмжээ авч байгаа бөгөөд тухайн уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах талаар шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж