УИХ-ын 20 гишүүн эзгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын 20 гишүүн эзгүй байна

Энэ оны намрын чуулган хоёрдугаар сарын 16-ны өдөр өндөрлөсөн билээ. Уг чуулганаар хэлэлцэх зарим чухал асуудлыг хэлэлцэж амжаагүй учраас ээлжит бус чуулганыг явуулахаар болсон юм.

Монгол Улсын үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн гурав дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,2, 16,4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ээлжит бус сонгууль явуулах тухай захирамж гаргасан билээ. Үүний дагуу ээлжит бус чуулган гуравдугаар сарын 5-ний 11.00 цагт эхэлж 9-ний өдөр хүртэл дөрвөн өдөр үргэлжлэх юм байна. Уг ээлжит бус чуулганаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын шүүхий тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.

Чуулган завсарласны дараа гишүүд орон нутаг болон тойрогтоо ажилладаг уламжлалтай. Харин энэ жил орон нутагт тун цөөхөн гишүүд ажиллаж байгаа сурагтай. Учир нь ээлжит бус чуулган зарласантай ч холбоотой байж болох юм. УИХ-ын гишүүдийн ирц өчигдрийн байдлаар 73 хувьтай байна гэлээ. Нийт 56 гишүүн ажиллаж, УИХ-аас томилолт авсан нэг гишүүн гадаадад яваа бол Засгийн газрын шийдвэр болон хувийн ажлаар 10 гишүүн гадаадад ажиллаж байгаа гэнэ. Одоогоор орон нутагт долоо, өвчтэй хоёр гишүүн байгаа гэж УИХ чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах албаны дарга Ж.Чимгээ хэлж байлаа. Мөн тэрээр хэлэхдээ “Ирэх даваа гаригт УИХ-ын ээлжит бус чуулган зохион байгуулах шийдвэр гарсан. Одоогоор гишүүдийн ирц 70 гаруй хувьтай байна. Орон нутагт болон гадаадад ажиллаж байгаа гишүүд чуулганаас өмнө амжаад ирэх байх гэж бодож байна. Зарим нэг гишүүдийн гадаадад ажиллах томилгоо ээлжит бус чуулган эхэлсний дараа байгаа ч тухайн үед нь тодорхой мэдээлэл өгөх боломжтой” гэсэн юм.

Хэдийгээр ээлжит бус чуулган дөрөв хоног үргэлжлэх ч хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Ялангуяа орон нутгийн сонгуулийн тухай хууль, 2012 оын Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд нь зайлшгүй шийдвэрлэх цаг үеийн асуудлууд. Шийдвэрлэхээр төлөвлөсөн таван асуудлыг дөрвөн хоногт багтаан шийдвэрлэж амжихгүй гэх гишүүд бас байгаа ч заавал шийдвэрлэх ёстой асуудлууд учраас ээлжит бус чуулган зарласан билээ. УИХ-ын чуулган эхлэхэд гурав хоногийн хугацаа байгаа ч одоогоор 20 гишүүн гадаада болон орон нутагт ажиллаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж