Ц.Нямдорж: Ардчилсан нам засгаас гарсан нь ажил саатууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Ардчилсан нам засгаас гарсан нь ажил саатууллаа

Иймэрхүү утгатай захидал ч юм уу, мэдээллийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ҮАБЗ-ийн гурван гишүүнд бичиж хүргүүлсэн байна. Энэ тухай өчигдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тус намаас долоо хоног бү­рийн пүрэв гаригт зохион байгуулдаг “4:11” уулзалт дээр сэтгүүлчдэд ам алдлаа.

Өнгөрөгч  сарын эхээр буюу намрын чуулган хаахын өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан дээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч нарыг дуудаж, тус газраас зохион байгуулж буй иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажлын явцтай танилцсан билээ.

 Бүлгийн хуралдаанд танилцуулснаар цахим үнэмлэхийн эхийг бэлтгэх ажилд алдаа гарч, эх бэлтгэлийг дахин хийхэд хүрснээс үнэмлэх хэвлэх бэлдэцийг үйлдвэрлэх ажил хойшилсон байна. Финляндын компаний манай талаас бэлтгэсэн эхийн дагуу бэлдэц үйлдвэрлэх боломжгүй гэсэн тул дахин эх бэлтгэх шаардлагатай болж, үнэмлэх хэвлэх ажил хугацаанаасаа хоцроод байгаа аж. Үүний дараа ХЗДХ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан УБЕГ-ынхан үнэмлэх хэвлэх ажлыг яаравчлуулахаар Финлянд улсад очиж, бэлдэц үйлдвэрлэж буй компанид тусгайлан хүсэлт тавьсан бөгөөд энэ тухай тайлангаа өнгөрөгч даваа гаригт хуралдсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд танилцуулсан билээ. Мөн лхагва гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ ирэх зургадугаар сарын 21-ний дотор цахим үнэмлэхийг хэвлэж дуусгаад сонгуулийн өмнө иргэдэд хүргэхээ мэдэгдсэн. “Хэвлэлтээс гарсан цахим үнэмлэхийг хаанаас эхэлж тараах вэ?” гэсэн асуултад тус газрынхан “Хамгийн алслагдсан аймаг, сумдаас эхэлж тараана” гэж хариулсан байна. Харин Ардчилсан намын бүлгээс “Сонгуулийн будилаан хамгийн их гардгаар нь нийслэлийн сонгогчдоос эхэлж тараа” гэдэг үүргийг өгчээ.

Гэсэн хэдий ч өчигдөр төрийн ордонд болсон “4:11” уулзалтын үеэр Арчилсан намын дарга Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газрын үед хийж хэрэгжүүлсэн нэг гол ажил нь иргэдээ бүртгэлжүүлсэн явдал. Үүний араас хийгдэх ёстой иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажлыг Ардын нам санаатайгаар удаашруулж, сонгуулийн будилаан руу хөтөлж байна. Хамтарсан Засгийн газрын үед улсын бүртгэлийн асуудал Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан билээ. Хамтарсан Засгийн газрын бас нэг томоохон зорилт болсон “бүртгэлийн төгөлдөршил”-ийг бий болгохын тулд хүн амын нэгдсэн тооллого явуулж, бүх иргэдээ шинэ­чилсэн бүртгэлийг хамруулсан. Үүний дараа Монгол Улсын 16 нас хүр­сэн бүх иргэн энэ оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд иргэний “ухаалаг” үнэмлэх буюу хувийн бүх мэдээллийг нь агуулсан ца­хим үнэмлэхээ гар дээрээ авах ёстой байв.

Хэдийгээр үнэмлэхийн эх боловс­руулах ажил өнгөрөгч 2011 оны долдугаар сард бэлэн болж, хэвлэлтийн ажил эхлэх ёстой байсан ч цахим үнэмлэх хэвлэх зардал тухайн жилийн төсөвт суугаагүй байснаас хойшилж, 2012 оны төсөвт уг мөнгийг суулгасан байна. Гэвч энэ ажил өнөөдөр дахиад нэг сараар ухраад байгаа. Харин энэ хойшилсон шалтгааны талаар Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ҮАБЗ-ийн гурван гишүүнд танилцуулахдаа “Ардчилсан нам Засгийн газраас гарч, Н.Алтанхуяг ажлаа хаяж явснаас боллоо” гэх утгатай мэдээлэл бичжээ.

Тодруулбал, “УБЕГ-ын дарга Б.Мөнхбаатар 2011 оны арвахоёрдугаар сарын 8-нд ажлаа өгсөн. Асуудал хариуцсан Тэргүүн шадар сайд н.Алтанхуяг сарын дараа ажлаа хаяад Засгийн газраас гар­сан. Үүнээс болж ажил саатлаа” гэсэн тайл­­барыг бичгээр хүр­гүүлсэн гэнэ. Үнэн хэрэгтээ УБЕГ-ын даргаар ажил­­лаж байсан Б.Мөнхбаатар Ардын намаас сонгуульд нэр дэвшихээр аж­лаа өгсөн. Түүний оронд Засгийн газрын хуралдаж, УБЕГ-ын дэд дарга н.Эрдэнэбаатарыг нь үүрэг гүйцэтгэгчээр томилсон боловч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь түүнийг огцруулаад оронд нь МАН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Тиймээс бүртгэлийн ажил, цахим үнэмлэх хэвлэх ажлын талаар “А” ч үгүй энэ нөхрийг бүртгэлийн газрын даргаар тавьж, ажил уяж байгаа нь Ардын намын санаатайгаар сонгууль будлиантуулах гэсэн арга саам гэж тус намын бүлгийнхэн үзэж байгаа аж. Түүгээр ч барахгүй Ардчилсан нам Засгийн газарт байхдаа хийж хэрэг­жүүлсэн бүхнийг Ардын нам үгйүсгэхийг хүсч байна. Иймэрхүү хорссон байдлаар ажиллах юм бол Ард­чилсан нам зүгээр хараад суухгүй” гэдгийг намын дарга Н.Алтанхуяг мэдэгдлээ.

Тиймээс дараагийн удаа иргэний цахим үнэмлэхжүүлэх ажлын талаарх мэдээллийг намын бүлэг дээр сонсохдоо сэтгүүлчдэд нээлттэй хийнэ, үнэмлэх хэвлэх төдий асуудлыг иргэдээсээ нууцлах шаардлагагүй гэдгийг ч тус намын бүлэг ярьж тогтжээ. Өмнөх хоёр удаагийн мэдээллийг сонсохдоо Хууль зүй, дотоод хэргийн сайдын шаардсаны дагуу хаалттай хуралдсан аж. Гэвч хаалттай хуралдаан дээр тус яамнаас хийсэн мэдээлэл, хэвлэлийнхэнд өгч байгаа мэдээлэл хоёр нь хол зөрүүтэй байгаа тул уг асуудлыг нээлттэй хэлэлцэж, иргэдэд мэдээлж байх нь зөв гэдэг шийдэлд хүрсэн байна. Хэрвээ цахим үнэмлэх хэвлэх ажлыг дахиад ямар нэг шалтгаанаар хойшлуулах юм бол ажлаа хийхгүй байгаа салбарын сайдыг нь, цаашлаад энэ ажлыг санаатайгаар хойш татаж байгаа Засгийн газрыг ч огцруулах асуудлыг тавих гэнэ. Мөн энэ долоо хоногийн гол дуулиан болоод байгаа зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаар ч Ардчилсан намын дарга байр сууриа илэрхийллээ.

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2010 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууцны зээлийн хүү жилийн найман хувьтай байсан билээ. Үүний дараа 2011 оны дөрөвдүгээр сард Засгийн газар тогтоол гаргаж, 100 мянган айл орон сууцны хөтөлбөрийг батлахдаа зээлийн хүүг зургаан хувь болгон буулгах, ингэхдээ зөвхөн төрийн албан хаагчид ч бус, иргэн бүр энэ зээлд хамрагдах боломжтой байхаар шийдвэрлэж, холбогдох журмыг боловсруулан Засгийн газраар батлуулах үүргийг салбарын сайд нарт өгсөн аж. Гэтэл сая Барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар хамтарсан захирамж гаргахдаа Засгийн газрын тогтоолд тусгасан “50 м.кв-аас ихгүй талбайтай байрыг зургаан хувийн зээлд хамруулна“ гэснийг 55 м.кв болгон өөрчилж, 0-16 насны дөрвөн хүүхэдтэй өрхөд энэ зээлийг олгохоор болсон нь Засгийн газрын тогтоолтой зөрчилдөж байна гэж тус намын бүлэг үзэж байгаа юм байна. Энэ нь нэгдүгээрт иргэдийг ялгаварлан гадуурхсан хэрэг. Хоёрдугаарт хэрвээ Засгийн газар зургаан хувийн зээлд хамрагдаж байгаа орон сууцны үнэд хяналт тавихгүй бол энэ нь иргэдийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх бус, харин ч барилгын компаниудын шахааны бизнесийг дэмжсэн ажил болно гэдгийг анхаарууллаа. “4:11” ээлжит уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөр нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж