1990 оноос хойшхи зээл тусламжийн үр дүнг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

1990 оноос хойшхи зээл тусламжийн үр дүнг шалгаж эхэлжээ

УИХ-ын намрын чуулганы дараа байнгын хороодууд чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнадаг билээ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого /АБГБ/-ын байнгын хороо өчигдөр намрын чуулганд хийсэн ажлаа танилцууллаа. Ажлын танилцуулгыг тус байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир, гишүүн Н.Ганбямба нар хийсэн юм.

Тус байнгын хорооноос хариуцан УИХ-аар батлуулсан чухал асуудлын нэг нь НҮБ-ын ерөнхий Ассамблейгаас 1989 оны арванхоёрдугаар сарын 15-нд баталсан  “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт-II протокол”-д нэгдэн орох тухай хуулийг УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 5-ний өдөр хэлэлцэн баталсан аж.  Уг протоколд нэгдэн орсон буюу түүнийг  соёрхон баталсан аливаа улс үндсэн хоёр үүрэг хүлээдэг аж. Мөн Протоголд оролцогч улс өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарах хэнд ч цаазаар авах ял гүйэтгэгэхгүй байх, оролцогч улс бүр өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авах гэсэн үүргийг протоколд нэгдсэн орнууд хүлээдэг юм байна.  
Намрын чуулганы хугацаанд тус байнгын хорооны хийсэн ажлын нэг нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээг соёрхон баталсан тухай хуулийг хариуцан батлуулсан байна.  Харин БНХАУ-ын тал гэрээг соёрхон батлаагүй байгаа бөгөөд ялтан солилцох гэрээний дагуу Монгол Улсын эгч дүүсийг эх оронд нь авчирч ял эдлүүлээд байгаа билээ. Одоогоор БНХАУ-ын нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон Монгол Улсын 22 иргэн ял эдэлж байгаа гэлээ. Ялтан шилжүүлэх тухай гэрээг соёрхон баталснаар Монгол Улс, БНХАУ өөр өөрийн нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа тус тусын харьяат иргэдийг эх оронд нь шилжүүлэх, гэр бүл, хамаатан садантай нь ойр ойрхон уулзуулах, ялын төрөл, хугацааг бууруулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших боломжийг бүрдүүлэх юм байна. Хэрэв БНХАУ-д гэмт хэрэг үйлдэн цаазын ял авсан Монгол Улсын иргэн ялтан солилцох гэрээгээр эх орондоо ирэх юм бол манай улсын хуулийн дагуу ялаа эдлэнэ гэдгийг тус байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир онцолж байсан. Бас нэг шийдвэрлэсэн асуудал нь гадаадад суух элчин сайдыг томилох, татах тухай асуудал байсан бөгөөд хэд хэдэн Элчин сайдыг татаж томилсон билээ. Мөн Монгол Улсаас 15 улстай дипломат харилцаа тогтоох турхй асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм байна. Манай улсаас Андоррагийн  Хаант улс, Бүгд найрамдах Гамби улс, Бүгд найрамдах Өмнөд Судан болон Сатоагийн Тусгаар улс зэрэг 15 улстай дипломат харилцаа тогтоохыг тус байнгын хорооны гишүүд дэмжсэн гэв. Дэлхийн их найман гүрний нэг Италитай Монгол Улс 1970 онд дипломат харилцаа тогтоосон ч тус улсад ЭСЯ-гүй байсан. Италийн нийслэл Ром хотод Монгол Улсын ЭСЯ нээх тухай тогтоолыг УИХ-аар өнгөрсөн оны  арваннэгдүгээр сарын 13-нд баталжээ. Мөн Төсвийн хууль батлах үеэр Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-ны шинэ барилга, Бельгийн Вант улс дахь ЭСЯ-нд газар худалдан авах санхүүжилтийн асуудал, бусад оронд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын байр, газрын асуудлыг судалж эхний ээлжинд зайлшгүй гаргах санхүүжилтийг тодорхойлж хуралдааны тэмдэглэл гарган Засгийн газарт хүргүүлсэн талаараа мэдээлсэн.

Тус байнгын хороо нь хяналт шалгалтын чиглэлээр хэд хэдэн ажлыг хийсэн бөгөөд зарим байгуулллагын үйл ажиллагаатай очиж танилцсан гэлээ. Мөн  хяналт шалгалтын хүрээнд 1990 оноос хойш гадаадын зээл, тусламжийн биелэлтийг шалгах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор үр дүн нь тодорхойгү байгаа гэлээ. Шалгаж дууссаны дараа мэдээллийг өгнө гэлээ. АБГБ-ын байнгын хорооны дарга Ж.Мөнх-Очир хэлэхдээ “Шалгалтын үр дүн хараахан гарах болоогүй. Гэхдээ шалгалтын эхнээс харж байхад хөрөнгө мөнгөний тодорхой хувь нь тухайн төслийн удирдлагуудын зардалд төсөвлөгдсөн зүйлүүд их ажиглагдаж байсан.  Энэ бол эхний хэдэн шалгалтын явцаас ажиглаж байхад анзаарагдсан зүйл” гэв. Зээл тусламжийн дийлэнхи нь шахааны бизнес байдаг учраас үр дүн багатай байдаг гэдгийг хэлэх хүмүүс ч байдаг билээ. Ямартай ч тус байнгын хорооноос эхлүүлсэн энэ ажил нь сүүлийн хорин жилийн хугацаанд авсан зээл тусламжийн үр дүнг тодорхой болгох учиртай.

Хүрээлэн байгаа орны аюулгүй байдал сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулсан, “Баруун бүсийн босоо авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн  ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах, “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор засгийн газар болон Франц улсын засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг хэлэлцэн баталсан нь тус  байнгын хорооны онцлох ажил болсон гэнэ лээ.

 Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж