Энэ зуур Кремлийн ордонд ч, Засгийн газарт ч В.Путиныг Төрийн тэргүүний сэнтийд эргэн залрах ёслолд алгуурхан бэлтгэж байна. В.Путин сонгуульд ялсан тохиолдолд тавдугаар сарын 7-нд тангараг өргөх хүртлээ Засгийн газрын Цагаан ордондоо сонгуульд ялсан Ерөнхийлөгчийн статустайгаар Ерөнхий сайдын албаа хашсаар байх юм.
Нөгөө талаас В.Путины эсрэг явууллага сонгуулийн кампанийн төгсгөл рүү ширүүсч байна. Түүний амь насанд халдахыг завдсан үйлдлийг Орос, Украины хүчний байгууллагынхан Одесс хотноо таслан зогсоосон нь өнөөгийн Ерөнхий сайдыг 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон цагаас хойших 13 дахь халдлага байлаа хэмээн Оросын хэвлэлүүдэд тэмдэглэжээ. Нэгэн цагт В.Путины холбоотон явсан Б.Березовский “Дарангуйлагчдын төгсгөл дандаа ижилхэн байдаг. Тэд эсвэл Пиночет шиг насны бөгсөнд хорионд тарчилж, эсвэл дүүжлүүрийн олсонд өлгөгдөж өнгөрнө. Засгийн эрхийг хүчээр тогтоохыг эрмэлздэг В.Путины дарангуйллын дэглэм ч тэгж дуусна гэдэгт би итгэж байна. В.Путин Үндсэн хуулийг эс хайхарч ард иргэдээ үл тоодог учраас иргэд түүний энэ үйлдлийг хүчээр таслан зогсоох эрхтэй. Түүнийг М.Каддаффи шиг төгсөхийг үгүйсгэхгүй” гэсэн хатуу үгтэй ярилцлагыг гадаадын хэвлэлд өгчээ.
В.Путин Төрийн тэргүүний суудалд эргэн залрах санаагаа гүйцэлдүүлэхийн тулд Кремлийн гадна өнгөрөөсөн дөрвөн жилийг хоосон үдсэнгүй. Хатуу самар гэдгээ харуулж ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байсныг зургаа болгон сунгаж, түүнийгээ 2012 оноос хэрэгжүүлэхээр болгож дөнгөсөн. В.Путин гурав хоногийн дараа Төрийн тэргүүний албандаа эргэж ирэх нь тодорхой болбол 2018 он хүртэл Оросын төр түүний атганд байх болно.
Ерөнхий сайд байхдаа байгаль хамгаалахад анхаарч “Амурын бар”, “Цагаан халим”, “Цасны ирвэс”, “Цагаан баавгай” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь тэдгээр хүчирхэг амьтдаар өөрийгөө төлөөлүүлсэн ёгт санаа байж болохыг ч ажиглагчид үгүйсгэдэггүй.
Бусад нэр дэвшигчдээ бодвол гадаад, дотоодод хатуу улстөрч гэдгээрээ танигдсан В.Путин өөртөө зориулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжсан нь түүний өөртөө хэр итгэлтэй “ирвэс” болохыг харуулна. Түүний өрсөлдөгч М.Зюганов гэхэд Зөвлөлт засгаа санагалзсан тэтгэврийнхэн, хөдөөгийн ардууд гэсэн үндсэн гол дэмжлэгтэй. Тэрбумтан, бизнесмэн, залуу үеийн төлөөлөл М.Прохоров шинэ үеийнхэн хийгээд спорт сонирхогчид гэсэн фенүүдтэй. Тэрсүүд үзлээрээ зартай В.Жириновскийн нас харьж, улс төрд үнэ цэнээ алдаж, “алиалагч” гэсэн хочтой хоцорсон нь үнэн. Өмнө нь В.Путинтай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж явсан С.Миронов тийм ч тууштай, зүрхтэй хүн биш.
Ийм өрсөлдөгчидтэй нэгэн фронт дээр “тулалдаж” яваа В.Путинд алтан Кремлийн улаан тоосгон хананы ард залрах өдөр ойртсоор байж мэдэх юм. Гэхдээ “Тэр өдрийн тэнгэр мэднэ” гэгчээр нөгөө гурвын од гийсэн үе таарах ч юм бил үү. Хэн мэдлээ. Сонгуулийн сунгааны барианы зурхай илхэн харагдаж буй энэ үед “Зөвлөлт” М.Зюганов, тэрс үзэлтэн В.Жириновский, зүрх мохоо С.Миронов, сагсан бөмбөгчин М.Прохоров нар хатуу шазруун В.Путинтай хэрхэн өрсөлдөхийг хүлээхэд тоотойхон цаг үлдлээ.