Д.Цовоо: Би алт мөнгөнд шунаад байдаггүй

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Д.Цовоо: Би алт мөнгөнд шунаад байдаггүй

Эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн, бас тоглолтынх нь өмнөхөн нэр шиг ээ цоглог бүсгүйтэй уулзаж ярилцахыг хүслээ. Түүний нэрний өмнө “зүүх” гуншин олон. Жүжигчин, дуучин, нэвтрүүлэгч гэхээр хэнийг хэлж байгааг маань магадгүй хэдийн таачихсан суугаа биз. Өө, Д.Цовоо байна шүү дээ гээд л. Тийм гэхийн аргагүй эвлэгхэн хоолойгоор донжтойхон дуулах тэрбээр хамгийн сүүлд  “Харанга” хамтлагийн Ц.Энхманлайтай хамтран “Манай орцны миний багийн дуунууд” нэртэй цомог гаргасан билээ. Харин тэр энэ удаад бүсгүйчүүддээ бас нэгэн бэлэг барихаар шийджээ. Тэр нь “Манай орцны миний багийн дуунууд-2” цомог.   Ирэх гуравдугаар сарын 5-нд худалдаанд гарах гэж байгаагаа шинэ цомгийнхоо баярыг эмэгтэйчүүдийн баяртай давхцуулан хийхээр тун ч завгүй байх үеэр нь түүнтэй уулзсан юм.  Гуравдугаар сарын 6,7-нд “Баянгол” ресторанд “Хайрын дуун” цэнгүүнээ хийх бөгөөд бүсгүйчүүдийн сэтгэлд хоногшсон тэр сайхан дуунууд эгшиглэх гэнэ лээ.  

-Тоглолтын бэлтгэл гээд тун завгүй яваа юм аа даа?

-“Харанга” хамтлагийн гишүүн Ц.Энхманлай ах бид хоёр гурван жилийн өмнө “Манай орцны миний багийн дуунууд” нэртэй анхны хамтарсан цомгоо гаргасан. Одоо хоёр дахь цомог маань тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Тэгээд хоёр цомгийнхоо баярыг нэгтгээд “Хайрын дуу” цэнгүүнийг хийх гээд зав муутай явна даа. Өнгөрсөн жил анх удаа “Хайрын дуу” нэртэй цэнгүүнийг Эмэгтэйчүүдийн баяраар Ц.Энхманлай ах бид хоёр хамтран хийж байсан. “Баянгол” ресторанд хийсэн тэр цэнгүүн маань сайхан болж хүмүүс ч ам сайтай байсан. Энэ удаагийн цомгийн баяр бас л “Хайрын дуу” нэртэй байгаа. Хайрыг хүн бүхэн төрсөн цагаасаа амталдаг, мэдэрдэг.  Хайр бол амьдралыг тэтгэгч гэдэг утгаараа цэнгүүнээ ингэж нэрлэсэн. Тиймээс бүсгүйчүүддээ, залуучууддаа хандаж хэлэхэд, хайрттайгаа хамт ирээд хайраар амьсгалаарай. Хайрын сайхан дуунд хайраа илэрхийлээрэй гэж хэлмээр байна. 

-Шинэ цомог тоглолтын өмнө сонсогчдын гарт хүрэх үү? Цомог хэчнээн дуутай вэ. Өмнөх цомог чинь борлуулалт нэлээд сайтай байсныг санах юм байна. Магадгүй хүмүүсийн сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулсан болохоор тэр байх, тийм үү?

-Энэ сарын 5-наас “UBS music” CD shop, “Hi-Fi” CD shop-оор худалдаанд гарна даа. Шинэ цомог 14 дуутай. Орцны дуунууд олонд түгсэн хэрнээ зохиогчгүй байдаг.  Ялангуяа бидний үеийнхэн орцонд дуулж өссөн. Тэр үед бар, караоке гэж байсан биш. Тэгээд л шөнө орой болтол ээж аавдаа зэмлүүлэн байж орцонд цуглараад дуулж, хөгжимддөг байлаа. Их гоё гоё үгтэй гоё аятай дуунуудыг дуулдаг байсан. Одоо тэр үеийн дуунуудыг өнөөгийн залуус ч дуулах дуртай байдаг.  Миний үеийнхэн сайн санаж байгаа байх. Тэр үеэд “Оюунаа” нэртэй нэг сайхан дуу байсан. Бас л орцноос төрсөн дуу л даа. Энэ цомгийг сонссон, худалдаж авсан  Оюунаа нэртэй хүмүүс магадгүй гоё  бэлэг болно байх гэж бодож байна.  Мөн цомогт маань Ц.Энхманлай ахын 1980 онд зохиосон “Өөдрөг Монгол орон” гэсэн их гоё дуу багтсан. Бас миний төрсөн өдрөөр надад зохиож өгсөн шинэ дуу орсон. Мөн “Сөнгнөрийг гол” дуу багтсан байгаа. Бусад дуу нь зохиогч нь хэн гэдэг нь сайн мэдэхгүй ч бидний танил, дурсамж дүүрэн сайхан дуунууд байгаа. Энэ цомгийн аранжровкийг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг хийсэн. Өнгөрсөн жил “Хайрын дуу” цэнгүүнийг үзсэн болохоор тэр хэмнэлээс маань өөр цоглог хэмнэлтэйгээр хийсэн дээ.

-Тоглолтын уур амьсгал ямар байх бол оо. Хүмүүс зарим нь төсөөлж байгаа байх л даа. Нэг гоё тайз засах байх гээд л. Яг тэр үеийн орцонд дуулж байсан дурсамжийг нь сэргээх?

-Тоглолтын бүх асуудлыг “Chuba” дизайнхан хийж байгаа. Мэдээж, тайзны засал чимэглэл тэр чигээрээ эргэн дурсахуй байлгахыг зорьж байна. Залуу нас хайр дурлал, ангийн андууд гээд л дурсамжаар жигүүрлэсэн дуунуудыг дуулж байгаа болохоор, хүмүүст тэр сайхан болгоныг нь эргээд хэсэгхэн хугацаанд гэсэн “амтлуулах”-ыг зорьж, тайзны засалтандаа багагүй анхаарч байгаа.  Тоглолт маань эмэгтэйчүүдийн бая­раар тохиож байгаа болохоор бүсг­үйчүүддээ зориулсан сугалаатай шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд, олон сюрпризээ байгаа, гэхдээ одоо задлаад хэрэггүй байх. Яагаад гэвэл тоглолтыг үзэх гэсэн хүмүүст бүгдийгээ тооччихвол амтгүй болчихно шүү дээ. Сюрприз сюрпризээрээ үлдсэн нь дээр байх аа. Ер нь бол бидний тоглолтыг байнга үздэг тусгай фенүүдтэй болсон. Тухайн үеийн залуусын дуулж байсан дуунуудыг сэргээн дуулж байгаа болохоор бидний үеийнхэнд их таалагдаж байгаа юм шиг байна лээ. Ц.Энхманлай ах бид хоёр өнгөрсөн жил “Хайрын дуу” хамтарсан тоглолтоо хийж байхдаа “Энэ дууг 20 насандаа дуулж байсан юм. Одоо 20-той хүн байна уу” гэхэд цөөхөн хүн гар өргөж байсан. Харин тоглолтын явцад дууныхаа насыг улам залуужуулсаар төгсгөлд нь 16-тай хүн байна уу гэхэд танхим дүүрэн үзэгчид нэгэн дуугаар “байна” гэж бүгд орилж байсан шүү. Тоглолтод ирсэн бүх хүмүүсийг ямар ч байсан 16 насанд нь аваачиж чадсан даа /инээв/  Хүмүүс залуу насныхаа дууг дуулахаар яг тэр л цаг үедээ эргэж очсон юм шиг маш гоё сэтгэгдэл төрдөг юм билээ. 

-Яагаад заавал эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийхээр болов оо? Баяраар тоглолтын давалгаа ихэсдэг шүү дээ. Цомгийн дуунууд хүмүүсийн сэтгэлд хэдийнээ хүрсэн юм чинь энгийн өдөр тоглосон бол илүү дээр байгаагүй гэж үү?

-“Баянгол” рестораны хамт олон  “Мартаар манайд тоглолтоо хийгээч” гэсний дагуу өнгөрсөн жил тоглолтоо хийсэн юм. Тоглолт маань  маш амжилттай болсон болохоор энэ жил дахин тоглооч ээ гэсэн урилга ирсэн. Мартаар хоолтой, дуутай хууртай ийм л цэнгүүнийг хүмүүс хүсч байна. Тэгээд л хайртай, ээждээ, ханьдаа бэлэг барих гэсэн хүмүүсийн сэтгэгдлийг, залуу насаа ханьтайгаа хамт дурсахыг хүссэн фенүүддээ бэлэг барихаар шийдсэн.  Миний төрсөн өдрөөр надад зориулж бичсэн Ц.Энхманлай ахын дууны нэр нь “Зөвхөн чамайг л”.  Сонирхолтой нь Ц.Энхманлай ах бид хоёр  нэг өдөр төрсөн юм билээ.

-Таны төрсөн өдөр хэзээ болдог юм бэ?

-Монгол телевизийн ойн өдөр  миний төрсөн өдөр байдаг. Манай телевизийн сэтгүүлч Г.Бадамсамбуу, н.Мэргэн ах бид гурвын төрсөн өдөр болдог юм. Манай телевизээс албан ёсоор бид гуравт баяр хүргэдэг. Сүүлд санаандгүй байж байгаад Ц.Энхманлай ахын төрсөн өдөр гэж мэдсэн. Мөн Асашёорюү Д.Дагвадорж төрсөн өдөр гэж сонссон.

Яг энэ үед түүний утас дуугаран бидний яриа түр завсарлаа. Тоглолтын тасалбарын талаар хэн нэгэн хойгуур суудал байна уу гэж асуусан бололтой. Жаахан “ичимхий” хүмүүс хойшоогоо суух нь дээ хэмээн инээмсэглэн бид нарын насныхан чинь тийм шүү дээ. Гэхдээ хүн хүн өөр шүү зарим нь урдуур л гээд байна гэсээр эргэн яриандаа орлоо.

-Удахгүй эмэгтэйчүүдийн баяр болно. Яаж баярлах гэж байна даа?

-Мартаар хүн баярлуулна гэхээс биш өөрөө баярлана гэж хо­вор шүү. Ер нь хүн баярлуулна гэдэг чинь өөрөө баяр­лаж байгаа гэсэн үг л дээ. Мартын 8-наар манай ээжийн төрсөн өдөр болдог юм. Тэгээд л эмэгтэйчүүдийн баяраар  аавындаа гэрээрээ цуглан ээждээ баяр хүргэдэг. Манай гэрийхний хувьд маш том, гоё баяр байдаг.

-Дуртай өнгө тань улаан уу? Таны хумсыг хараад тэгж бодлоо?

-Миний хамгийн дуртай өнгө цагаан. Цагаан өнгийг миний өнгө гэж боддог. Цагаан улаан хоёр хоорондоо хосолдог болохоор улаан дээр цагаан цэцэг тавьж будуулсан.

-Гоё хумстай юм аа. Цаг завгүй ажлын хажуугаар арчилгаа их шаардана даа?

-Гэхдээ гайгүй ээ. Ер нь сурчихсан юм. Үс, хумс хоёрыг залуугаасаа л янзлаад сурчихсан. Арчилахад төвөгтэй биш шүү дээ. Урлагийн хүн болохоор хумс, үсээ гоё л байлгахгүй бол болохгүй. Нэвтрүүлэгч Д.Цовоо навсайсан юм явж байна лээ гэж хэлүүлж болохгүй биз дээ. Биднийг танихгүй хүн байхгүй болохоор өөртөө анхаарахаас өөр аргагүй.

-Та үргэлж л ийм гоё цоглог, сайхан харагдах юм. Яаж ингэж стрессгүй сайхан харагдаад байна аа. Гоо сайхны нууц жор байгаа биз?

-Миний мэргэжил угаасаа хүн стрестүүлэхгүй мэргэжил. Би тайзан дээр гараад хүмүүсийг баярлуулж өөрөө дандаа инээж байдаг учраас мэргэжил маань хамгийн их энергийг өгдөг байх. Хүмүүс надаас гоо сайханд их ордог уу гэж асуудаг. Би сүүлийн жил гаруй хугацаанд гоо сайханд ороогүй. Тоглолт болох гэж байгаа юм чинь гээд өчигдөр гоо сайханд орох санаатай  найз хүүхэн рүүгээ утасдсан юм. Гэтэл “яана аа. 21.00 цаг болж байна манайх хааж байна шүү дээ” гэсэн. /инээв/ Гоо сайханд орохоор хамаг цагаа үрчихдэг болохоор зав гардаггүй. Миний хамгийн энгийн гоо сайхан гэртээ ванндаа маск тавиад л хэвтдэг л болоод байна даа. Унтах дуртай. Сайн унтаад сэрэхэд нүүр сайхан их арьс их сайн амарчихсан байдаг. Зав л гарвал унтчих гээд байдаг “муу зуршилтай”.  Даанч зав гарахгүй юм аа.

-Урлагийнхан гоо сайхандаа илүүтэй анхаардаг. Таны арьс гоё юм аа. Гоо сайхандаа ямар брэндийн бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Гоо сайханд тэр бүр ороод бай­даггүй ч “Shiseido” брэн­дийг арав га­руй жил хэрэглэж байна. “Shiseido”  бол ази хүний нүүрэнд тохирсон бүтээг­дэхүүн учраас ма­най гэр бүлийнхэн их хэрэг­лэдэг. Мөн бурханы авралаар илүү дутуу юмаа янзлуулаад байхааргүй төрүүлсэн ээж, аавдаа маш их баярладаг шүү.

-Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Гоо сайхны хагалгааг дэмждэг үү?

-Хэрэгтэй зүйлээ хийлгээд гоё бол­чихсон хүүх­нүүд зөндөө л байна шүү дээ. Хүн дууриаж хийлгэх бол утгагүй л дээ. Хоёулаа тийм гоо сайхны хагалгаанд орьё гэж намайг уруу татаж байсан хүмүүс байна л даа. Гэхдээ хүн өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй. Хүн төрсөн төрхөөсөө өөрчлөгдвөл онцгүй шүү дээ. Өөрийгөө хамаагүй өөрчилвөл хийморь нь байхгүй болдог гэсэн. Би гоо сайхны хагалгааг дэмждэггүй биш. Мэдээж нас ахиад ирэхээр ямар нэгэн байдлаар бага зэрэг засвар хйих байх. Гэхдээ одоо бол айдаг. Би ер нь жаахан аймхай. Яваандаа жаахан зүтгэнэ, огт хйихгүй гэж хэлдэггүй юм гэнэ лээ. Юмыг яаж мэдэх вэ. Хийлгэж магадгүй. Гоо сайхны хагалгаа хийлгээд сайхан харагдаж байгаа хүүхнүүд олон. Урлагийн хүүхнүүд тайзан дээр гоё харагдах ёстой. Одоохондоо энэ талын төлөвлөгөө байхгүй байна даа.

-Эмэгтэй хүн бүр янз бүрийн зүйлд шунан дурладаг. Харин таны сонирхол?

-Би урлагийн найз нөхөд дундаа даруухан стильтэй. Ээж маань “манай удамд урлагийн хүн байхгүй” гээд хорьдог байлаа. Би л зөрсөөр яваад урлагийн хүн болсон. Гэрийнхэн маань их даруухан , харин би урлагийн хүн болоод ч тэр үү тэдэн дундаа галуузуудуу, цоглогтоо л орно доо. Би даашинз худалдаж авах дуртай. Өөртөө таарсан хувцас өмсөх дуртай. Ер нь жирийн үед даруухан л хувцаслана шүү. Учиргүй их алт мөнгөнд шунаад байдаггүй. Би энэ зүүж байгаа бөгжнөөсөө салдаггүй./Сваровский шигтгээтэй нарийн цагираг бөгжөө заав/ Сваровский бол их үнэтэй биш мөртлөө даруухан, чамин гоёлд ордог.

-Манай гэрт огт урлагийн хүн байхгүй гэлээ шүү дээ. Юу таныг урлагийн зам руу хөтлөв?

-Би багаасаа телевизэд хүүхдийн нэвт­рүүлэг хөтөлдөг байсан. Ш.Гүрбазар ах, манай хүүхдийн нэвт­рүүлгийн н.Чойжамц гэж том редактор хүн байлаа. Тэр хүмүүс намайг анх хөтөлж хүүхдийн нэвтрүүлэгт оруулан урлагийн хүн болох замд минь оруулсан. Миний амьдрал телевизтэй салшгүй холбоотой. Дээд сургуулиа жүжигчнээр төгсөөд театрт очсон удалгүй телевиз рүү урвасан. Хүмүүс чинь төмөр дээр суусан, шороон дээр суусан гэж ярьдаг шүү дээ. Харин би насаараа телевиз дээр суучихсан юм шиг байгаа юм. /инээв/

-Охиныг чинь гадаадад сурдаг гэж сонссон. Хэр санаж байна?

-Охиноо жаахан байхад их санадаг байсан. Охин маань Лондонгийн дээд сургуулийг Олон Улсын харилцааны дипломатаар төгсөж ирээд Монголд хоёр жил ажилласан. Өн­гөрсөн намар Бээ­жин­гийн Газрын тосны их сургуульд магтист­­раар суралцахаар явсан. Миний охин чинь хүний санаа зовоогоод байхаар охин биш. Даруухан, хичээлдээ мундаг, үргэлж л хичээл хийж байдаг хүү­хэд.  Сая би амралтаар нь охин дээрээ очсон. Гэтэл өө­рөө­­гөөрөө дүү­рэн ханз бичээд хаа сайгүй наа­чих­­сан бай­­сан. Ээжийнх нь нүд эрээл­ж­лээд тол­гой эргэж бай­на, чамд өөр наах газар байхгүй болж дээ гэхэд “одоо болохгүй бол цонхон дээрээ наана даа” гэчихсэн сууж  байсан. /инээв/

-Таны охиндоо зориу­лан өөрөө хийсэн сайхан дуу байдаг. Олон дуу­ны­хаа шүлгийг нь бичиж байсан уу?

-Шүлэгч хүмүүсийн дэргэд бол нөгөө бичиг үсэг мэддэг хүмүүсийн дэргэд ичмээр дамшиг даа гэдэг шиг шүү дээ. Гэхдээ өөрийнхөө санаанд багтсан зүйлээ заримдаа биччихнэ. Зарим нэг дууныхаа шүлгийг өөрөө бичдэг. Үүнээс биш тийм мундаг, яруу найрагч биш.

-Шинэ цомог гурван жил болсоны дараа сонсогчдод хүрч байна. Энэ хугацаанд олон хүмүүс дараагийн уран бүтээлийг асууж байсан байх?

-Ц.Энхманлай ах бид хоёрын хувьд бас нэг сайхан авууштай тал нь уран бүтээлийг яарч хийхгүй гэдэг. Яарч хийсэн уран бүтээл чанаргүй гардаг. Энэ цомгийн ажилд Ц.Байдраг гол үүрэг гүйцэтгэсэн. Удаан, чанартай бүтсэн уран бүтээлүүд гэсэн утгаараа өмнөх цомгоосоо илүү л болсон гэж бодож байгаа. Өнгөрсөн жил тоглолтоо хийж байхад олон хүн тэр дууг яагаад дуулахгүй байгаа юм бэ? Хэзээ дараагийн цомог бэлэн болох вэ гээд хүлээлттэй байгаа нь мэдрэгдэж байсан. Тэр л дуунууд энэ шинэ цомогт маань багтсан.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж