Хувьцааны 10 хувь автоматаар бүртгэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Хувьцааны 10 хувь автоматаар бүртгэгдэнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны хичнээн хувийг ард иргэддээ эзэмшүүлэх, данс нээх ажил ямар төвшинд байгаа талаар, мөн хөрөнгийн  зах зээлийн шинэчлэлтэй холбоотой бусад асуудлаар иргэддээ мэдээлэл өгөх зорилгоор  Монголын үнэт цаасны арилжааны холбоо /МҮЦАХ/-ны Удирдах зөвлөлийн дарга Т.Цогтбаяртай ярилцсаныг та бүхэнд толилуулж байна.

-Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржийн арилжааны системийн шинэчлэлт ямар төвшинд явж байна вэ? Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  хувьцааг нийт иргэд арилжаалах, худалдан авах боломжийг нээж өгөх  бэлтгэл хэр зэрэг  хангагдаад байна?

-Хөрөнгийн Биржийн систем, програм хангамжийг 2 сарын 1-ээс эхлэн ажиллуулаад  мөн энэ хугацаанд нийт иргэдэд нэг сая төгрөгтэй дүйхүйц хэмжээний хувьцааг оруулахын тулд бүртгэлээ хийх, хэдэн ширхэг хувьцаа тэр сая төгрөгт багтах гэдэг асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулагдчихаад Засгийн газрын төвшинд ажиллаж байна. Бас нэг асуудал гэвэл яг 10 хүртэлх хувь зарагдана аа гэж байгаа. Нийт иргэдэд 10 хувийг анхнаасаа үнэгүй эзэмшүүлсэн байгаа учраас одоо Монголын хөрөнгийн бирж дээр нийт  20 хувь бүртгэгдэх гэж байна гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 20 хувь бүртгэгдэх юм бол энэ үнэт цаасыг бүртгээд, арилжаалах эрх нээгдэнэ.  Тэгээд үнэт цаасны бүртгээд, арилжаалахад бэлэн болгох юм бол иргэдийн эзэмшиж байгаа 10 хувь автоматаар биржид бүртгэгдэнэ. Ямар нэгэн асуудал гарахгүй.

– Сая Гонконгийн биржээс IPO  хийхээ хойшлуулсан гэсэн. Нэрлэсэн үнэ хэт өндөр байна гэж  дургүйцсэн гэж сонссон. Манай Засгийн газар нэрлэсэн үнэ биш гэж тайлбарласан байгаа энэ талаар…

-Тэр бол нэрлэсэн үнэ гэж хэлээгүй. Сая төгрөгтэй дүйхүүц хэмжээний хувьцааг өг. Тэр тогтсон хувьцаагаа нэрлэсэн үнээр нь өгье өө л гэсэн. Нэрлэсэн үнийн хувьд  онолоор бол хувьцаа нэрлэсэн үнэтэй ч байдаг, үгүй ч байдаг. Заавал байх шаардлагатай ч зүйл биш. Ер нь анхны зайлшгүй шаардлагатай хөрөнгийг бүрэлдүүлж, уг хөрөнгийг анх эргэлтэд гаргаж байгаа хувьцаанд  хуваагаад гарсан ханшийг л нэрлэсэн үнэ гээд байгаа юм. Тэр нэрлэсэн үнэ ирээдүйд тогтох зах зээлийн үнэд ерөнхийдөө нөлөөлөхгүй. Ирээдүйн үнэ бол тухайн тэр компанийн үйл ажиллагаа, нөөц боломж, ирээдүйд үзүүлэх үр өгөөжтэй холбоотой. Өөрөөр хэлбэл нэг хүн тухайн нэг хувьцаанд 1000 төгрөг төлөхөд үүнийгээ хэдэн жилийн дараа нөхөж чадах уу? гэдэг үнээс л хамаарна.  Харин нэрлэсэн үнэ бол зах зээлийн үнэ биш. Жишээ нь: нэрлэсэн үнээ 100 төгрөг гэж тогтвол нэг сая төгрөгт 10000 ширхэг ноогдоно. 1000 гээд тогтвол 1000 ширхэг хувьцаа ноогдоноо л гэсэн үг. Гэхдээ нэрлэсэн үнэ ээ хэтэрхий өндөр тогтоовол эргүүлээд зах зээлийн үнэд муугаар нөлөөлөх хандлагатай. Яагаад гэхээр манайд хуучин нэрлэсэн үнээ 100 төгрөг гээд өгчихөөр зах зээл өөрөө өндөр үнэлэх гээд байхад буруу жишиг үнэ тогтох хандлагатай. Яагаад гэвэл тухайн хүн сая төгрөгөнд 1000 хувьцаа авсан юм чинь, үүнээс 500-аар авахад өгчихнө гэх мэт сэтгэл зүй суучихдаг. Энэ л их хортой. Түүнээс биш зах зээл өөрөө үнэлээд ирэх юм бол маш өндөр үнээр үнэлэгдэх бүрэн болмжтой. Үүнтэй холбоотой бодитой жишээ дурьдахад Хонгконгийн бирж дээр “Mongolian mining corp” буюу “Энержи ресорс” ХХК-ийн толгой компани нь 3.7 тэрбум ширхэг хувьцаагаа гаргасан. Тэгэхдээ 1 центээр нэрлэсэн үнээ тогтоосон. Тэгээд тэр Компанийн хувьцааг зах зээл үнэлэхдээ анхны зах зээлийн үнийг хөрөнгө оруулагчид нь 90 центээр үнэлж худалдан авсан. Энэ нэрлэсэн үнээс  90 дахин өндөр, нэрлэсэн үнээс ямар ч хамааралгүйгээр үнэлж тогтсон зах зээлийн үнэ шүү дээ. Уялдуулж нэг юм хэлэхэд, ирээдүйн зах зээлийн үнээс хамааралгүйгээр нэг үнэ тогтоочихоод, тэр үнээрээ (нэрлэсэн үнээрээ) Бирж дээр арилжаалаад эхлэвэл буруу ханшаар хоорондоо худалдах худалдан авах нөхцөл бүрдүүлээд байх юм бол их хэцүү.

-Та үүнээс улбаалаад иргэд буюу хөрөнгө оруулагч нарт манай сэтгүүлээр дамжуулаад хэрхэн зөвлөмөөр байна?

Иргэн Та “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаагаа, магадгүй нэмж олгох 1 сая төгрөгтэй тэнцэх хувьцаагаа хадгал гэж л хэлнэ. Дор хаяад тухайн хувьцааны зах зээлийн үнэ бирж дээр тогтох  хүртэл, хэрэв боломжтой бол 5 жил хадгал. Наана нь битгий мөнгө хэрэгтэй байна гээд зарах, Засгийн газарт буцааж өгөх, дамжуулж зарах гэх мэтийг битгий хий. Өөр юмаар хэсэгтээ амьдрах гээд үзье. Заавал улсын өгсөн нэг сая төгрөгөөр амьдарч, хоолоо олж идэхээ больё. Ирээдүйг хараад л  энэ мөнгөө орхи. Хувьцаа тань үнэт цаас учраас та үүнийг үр хүүхдээ өвлүүлж, шилжүүлж болно. Хувьцаагаа баталгаажуулаад хадгалах нь зүйтэй. Юу гэхлээр, Тавантолгойн орд газар үйл ажиллагаа явуулж байгаа “MMC”-ийн 1 центээр нэрлэсэн үнэтэй хувьцааг зах зээл дээр  90 центээр үнэлсэн. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Таван толгой” ХК (жижиг таван толгой)-ийн хувьцааг анхдагч зах зээл дээр 400 төгрөгөөр, зарим нь бүр 100 төгрөгөөр ч авсан байгаа. Эдгээр хүмүүс 10-15 жил л хадгалаад, 10 жил хадгалсан хүмүүс 60.0-120.0 төгрөгөөр зарсан, 15 жил хадгалсан нь өнөөдөр 1-1.6 сая төгрөгөөр зарч чадсан. Үүнээс харахад 10000 дахин өссөн байгаа биз. Үүнийг л зах зээлийн хууль гэж хэлээд байгаа юм.

Нийт брокерийн харилцагч иргэддээ мэдээлэл өгөхөд энэ Тавантолгойн ордыг ямарч байсан ашиглана, нөөц найдвартай 6 тэрбум тонны коксжсон нүүрс, түүний үнэ дэлхий зах зээл дээр үнэтай байна, “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд найдвартай ирээдүй байна. Харин бид бүхэн хэрүүл хийгээд, эндээ зогсоод байх юм бол ирээдүйд орж ирэх гэж байгаа орлогоо л хойшлуулаад  байна гэсэн үг. Газар доорх юмыг аваад явах хүн алга. Тиймээс замаа тавья, бүтээн байгуулалт, дэд бүтцүүдээ хөгжүүлье. Ингээд бодоход би наанадаж үр дүнг хүртэх хугацааг 4-5 жилийн дараа гэж харж байна. Тэгээд цаашаа 10 жил хадгалвал бүр өндөр үнэд орно л гэж хэлмээр байна. Мөн нийгэм эдийн засгийн байдал хүнд, иргэдийн гар дээр мөнгө бага, ядуурал их байгаа үед зарим хүмүүс нь улс төрийн тоглолт хийх байх. Үүнээс иргэд маань ер санаа зовох хэрэггүй. Харин амласан мөнгийг нь нэхэж аваад хурдхан шиг хувьцаа болгоод баталгаажуулаад хадгал. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр”  гэдгийг санаж явах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж