Шинийн 15-наас урьтан жилийн заслаа хийлгэвэл буян арвижна гэх. Тиймээс ч Гандантэгчинлэн хийд өнөөдөр “Баясгалант” хэмээх усан луу жилийн заслаа шинийн наймны билигт сайн өдөр хийлгэх гэсэн иргэдийн хөлд дарагдлаа. Сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Гандантэгчинлэн хийд шинийн 8,15-нд үнэгүй ном хурж, засал хийнэ” гэх ташаа мэдээлэл цацагдсаны улмаас усан луу жилийн засал, номоо үнэ төлбөргүй уншуулах хүсэлтэй иргэд Гандантэгчинлэн хийдэд цөөнгүй байв. Тухайн хүний төрсөн жил, хүйсээс хамаарч заслын ном нь харилцан адилгүй бөгөөд Гандантэгчинлэн хийдэд ном айлдвар бүр тус бүртээ тарифтай ажээ. Хамгийн өндөр үнэтэй нь Алтанганжуур ном байв. Алтанганжуур номд багтаагүй ном үгүй бөгөөд авралын дээд тус ихтэй ном ажээ. Нэг удаа уншуулахад 10 мянган төгрөг бөгөөд уг номыг уншуулах гэсэн иргэд хамгийн урт дараалал үүсгэсэн байв. Мөн өнөөдөр ном бичүүлсэн иргэдийн номыг Гандантэгчинлэн хийдийн лам нар маргааш өглөө хурах аж. Хэрэв тавгийн идээний хамт очиж даллага авахуулж, сэржим өргөвөл өдрийн 14.00 цагт буюу шинийн найманд багтан уншуулж байлаа. Заслаа хийлгэж амжаагүй иргэнээс учрыг тодруулбал “Шинийн найманд үнэгүй засал хийнэ гэхээр нь олзуурхаад ирж цаг гаруй дугаарлаж байгаад орлоо. Гэтэл засал хийлгэхэд төлбөртэй хэвээр байгаа юм байна. Хэрэв үнэхээр төлбөртэй юм бол гадаа урт дараалал үүсгээд буй хүмүүст энэ тухай мэдээлэл хиймээр юм” гэсэн юм.
Мөн өнөөдөр бичүүлсэн иргэдийн номыг маргааш өглөө унших аж. Тиймээс шинийн 15-нд багтаж заслаа хийлгэхээр зэхсэн иргэдэд хандан хэлэхэд шинийн 14-нд хийдийг зорьж, шаардлагатай хурал, номоо бичүүлэх хэрэгтэйг сануулъя.
Д.Жаргалсүрэн