X Богд Жэвзүндамба Монголоос тодорно

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

X Богд Жэвзүндамба Монголоос тодорно

Аврал итгэлт Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт Бурхан багшийн 15 хоногийн турш нийт түмэнд рид хувилгааныг үзүүлсэн дүйчэн, тэр дундаа хаврын тэргүүн сарын шинийн найман буюу бурхан багш тэр үед Энэтхэгт дэлгэрсэн буруу номлолын багш Ринпүр тэргүүтний үзэл онолыг няцаасан их дүйчэн өдрийг болгоон таалж, дээд төрөлхтний шинжийг үзүүлж, нирваан дүрийг барьсан нь шавь, сүсэгтэн олны итгэл, бишрэлийн сэтгэлийг улам бататгасан явдал болсон байна. Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт нь XVI жарны харагчин мичин жил буюу 1932 онд Түвдийн Лхас хотын ойролцоо Томсиг хэмээх газар ер бусын шинжийг үзүүлэн мэндэлжээ. Түүнийг дөрвөн настайд нь Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн чойжин нар Монголын VIII Богд Жэвзүндамба хутагтын хойд дүр мөн хэмээн тодруулсан байна. Бага наснаасаа Бурханы шашны судар, дандарын номын ёсонд мэргэжиж, олон бурхадын бясалгал бүтээлийг үйлдэн шид бүтээлийг олж, дээдийн номын авшиг, соёрхол, эшийн рашаанаар шавь олныг цэнгүүлэн зохиож, олон түмнийг сайн мөрд удирдан хөтөлж байсан билээ. Богд Жэвзүндамба хутагтыг 1992 онд Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголын Жэвзүндамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн хэмээн баталгаажуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөснөөр Монголын ард түмэн Монголын IX Богд хэмээн танин мэдэж түүнийг оройдоо дээдэлж биширч ирсэн билээ.

Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт Монгол оронд 1999 он болон 2009 онд Монголын лам хувраг, сүсэгтэн олны гэгээрэл хүслээр заларч, улмаар Монгол улсын иргэн болж, 2011 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монголын нийт сүм хийдийн удирдлага, лам хувраг, сүсэгтэн олон хамтарч, Монгол Улсын Бурхан шашны тэргүүнээр өргөмжилж, тамгыг соёрхон гардуулсан байна. Монгол Улсын Бурхан шашны тэргүүнд өргөмжилснийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн зарлигаар баталгаажуулжээ.

Тэрбээр Монголын ард түмэндээ Мэгжиджанрайсиг бурхантай зэрэгцүүлэн аугаа хүчин чадлын бурхан Очирваань, билгэ ухааны бурхан Манзуширыг бүтээн залж өөрийн биеэр аравнай өргөсөн байна. Монголын шашин соёлд оруулсан цаглашгүй их хувь нэмэр болсон энэхүү буянт үйлсийг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор соёрхон шагнаж байжээ.

Дээрхийн гэгээнтэн “Миний бие дүр нас өндөр, бие чилээрхүү болжээ. Иймд амьтны тусыг төдийлөн сайн үйлдэж чадсангүй. Миний дараагийн X дүр Монгол орондоо Монгол хүн болж, шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно” хэмээн айлдаж байжээ.

Дөрвөн зуун шахам жилийн өмнөөс Монголын авралт богд Өндөр гэгээн Занабазараас хойш удаа дараалан заларч байсан Жэвзүндамба хутагтууд Монголын шашин соёлд үлэмж их ач тус үзүүлж байсны адилаар IX дүрийн Жэвзүндамба хутагт таны дараагийн дүр Монгол орондоо түргэн хувилан төрж шашны наран Замбутивийг гийгүүлэх болтугай.

    Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж