УИХ-аас хамгийн удаан дуншиж, хамгийн их ам татлуулж байсан гарсан хууль бол сонгуулийн тухай хууль. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн талаар иргэн П.Одгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Б.Цогтгэрэл нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Иргэдээс ирсэн гомдлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Пүрэвням хянан үзээд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, гуравдугаар зүйлийн 1-т заасан “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 14 дүгээр зүйлийн 1-т заасан “Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16 дугаар зүйлийн 9-д заасан “Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 2-т заасан “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн тул маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх үүргийг Үндсэн хуулийн цэцийн нарийн бичгийн дарга Н.Болортунгалагт даалгасан байна.
Тиймээс удахгүй Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг их суудлын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм. Хэрэв Үндсэн хуулийн цэцээс хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргавал Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчлөх эрхгүй гэсэн хуулийн дагуу ирэх сонгууль хуучин хуулиар явагдах болж таарах нь.
О.Сэргэлэн