Фиш Дубайн тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Фиш Дубайн тэмцээнийг орхилоо

Талбайн теннисний ATP ангиллын тэмцээн Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо  энэ сарын 27-ны өдөр эхэлсэн билээ. “Dubai Duty Free Tennis Championships” тэмцээн нэг сая 700 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд түрүүлсэн тамирчин 400 мянган ам.доллар хүртэж, чансааны 500 оноо авах ажээ.

Тэмцээнд дэлхийн топ 10 тамирчны найм нь оролцож байгаа бөгөөд өчигдөр (02.29) шигшээ наймд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорсон байна. Шилдэг найман теннисчдээс АНУ-ын тэргүүн теннисчин, дэлхийн чансааны наймдугаарт эрэмбэлэгдэж буй Мерди Фиш дэлхийн чансааны 34-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын теннисчин Михаил Южныйд 2:6, 6:7-аар хожигдсоноор тэмцээнээ дуусгажээ. Бусад шилдгүүдийн хувьд учраагаа төвөггүй буулган авч, дараагийн шатанд шалгарлаа. 

Улмаар наймны нэг шигшээд Сербийн Новак Жокович (1) нутаг нэгт Янко Типсаревичтой (9), Их Британийн тэргүүн теннисчин Энди Муррей (4) Чехийн Томаш Бердыхтэй (7), Францын Жо Уилфред Цонга (6) Аргентиний Хуан Мартин Дел Потро (10)-тай оноолт таарсан бол хэсгийн сүүлийн тоглох эрхийг авсан Швейцарийн Рожер Федерер (3) ОХУ-ын теннисчин Михаил Южныйтэй таарлаа.

Тэмцээний аваргууд энэ сарын 3-нд тодорно.

Тус тэмцээний шагналын санг танилцуулбал:

  • 1/8-д шалгарахад 42 мянган ам.доллар, чансааны 90 оноо
  • Хагас шигшээд шалгарахад 87 мянган ам.доллар, чансааны 180 оноо 
  • Шигшээд шалгарахад 184 мянган ам.доллар, чансааны 300 оноо 
  • Аваргаар шалгарахад 409 мянган ам.доллар, чансааны 500 оноо хүртэх ажээ. 

Мөн эрэгтэй хосын төрөлд түрүүлсэн тамирчид 120 мянган ам.доллар хүртэж, чансааны 500 оноо хүртэх аж.

Газрын тосны хаант улс гэгддэг Арабын нэгдсэн Эмиратын талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд “Форбс” сэтгүүлээс гаргасан дэлхийн баян улсуудын жагсаалтын зургадугаарт орохдоо тус улсын иргэдийн жилийн дундаж орлого нь 47 мянган ам.долларын үзүүлэлттэй гарсан байна. Тус жагсаалтыг Персийн булангийн орон Катар улс тэргүүлсэн байна.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж