Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн референт Д.Мөнх-Эрдэнийн тайлбарласнаар бол “С.Энхбат нь Засгийн газрын шийдвэрийг үл зөвшөөрч, шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч харин 2012 оны нэгдүгээр сарын 30-нд 882 дугаар захирамж гаргасан. Уг захирамж нь С.Энхбатыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг авч хэлэлцсэн шүүхийн шийдвэр биш бөгөөд гагцхүү хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл уг албан тушаалд хэн нэгнийг томилох, сонгон шалгаруулалт явуулахыг түдгэлзүүлсэн шийдвэр юм. Ингэснээрээ энэхүү шийдвэр нь Засгийн газраас Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасны дагуу тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийг томилох эрхийг хөндөөгүй юм гэж шүүхээс онцгойлон зааж өгсөн. Энэ нь төрийн алба тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа нь үргэлжлэх ёстой. Засгийн газрын агентлагийн даргын үүрэг гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг, гол шийдвэрүүдийг гаргадаг албан тушаал учраас уг маргаантай асуудлыг шийдвэрлэх хүртэл Засгийн газраас Г.Манлайжавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ бол хууль ёсны шийдвэр болжээ гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн явдал болсон” гэлээ. Мөн С.Энхбат даргыг албан тушаалаас нь чөлөөлөх хэд, хэдэн үндэслэл шалтгаан бий болсон гэв. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар Цөмийн энергийн газраас оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болоход С.Энхбат дарга янз бүрийн шалтаг шалтгаан тоочин оролцдоггүй байсан. Хэд, хэдэн удаагийн ийм үйлдэл гаргасан тул Засгийн газар нь 2011 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн газрын удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ Засгийн газарт ажлаа тайлагнахыг үүрэг болгожээ. Гэвч С.Энхбат дарга ирээгүй. Харин оронд нь тус газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн ирсэн. Сайдууд оруулж буй асуудалтай нь холбоотой асуулт тавихаар хариулт өгч мэддэггүй. Эцэст нь дахин Цөмийн энергийн газраас оруулах асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Энэ үед “Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлах гэж байна” гэсэн цуурхал ид тархаж эхэлсэн. Үүнд Цөмийн энергийн газрын дарга маш тодорхой тайлбар хийж, Цөмийн энергийн газраас энэ төрлийн гэрээ хэлцлийг гадаадын аль нэг улстай хийгээгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдэх ёстой атал албаны хүмүүсээрээ дамжуулан “Архангай явсан, аль эсвэл хөдөө явсан” гэх мэт үг дайлгасаар намрыг үндсэндээ авчээ. Цөмийн хаягдал булах нь гэдэг цуу яриа улам газар авч эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээ хэлэлцээрийг аль ч улстай хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж хэлж байж энэ асуудал намжсан. Уг нь бол энэ албыг хашдаг хүний хувьд жинхэнэ хатуу байр суурь баримтлан зогсох байсан гэдэг мэдэгдлийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга хэллээ. Мөн түүний тодотгосноор Франц, ОХУ, Япон зэрэг оронтой Монгол Улс цөмийн энергийн салбарт ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг талаар хэлэлцэх ёстой байтал мөн л С.Энхбат дарга Засгийн газрын хуралдаанд оролцож асуудлаа танилцуулаагүйгээс болж хойшилсоор Монгол Улсын нэр хүндийг гадаад ертөнцөд унагажээ. Тиймээс энэ хүнийг өнгөрсөн нэгдүгээр сард Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргахаас аргагүй байсан” гэлээ.
Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжавын тайлбарласнаар бол С.Энхбат нь тус газрын дарга байхдаа найман аж ахуйн нэгжид 21 цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лиценз олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дээрх лиценз олголт нь хууль зөрчсөн байна, ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны есдүгээр сарын 7-нд гаргасан шийдвэрийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгох ёстой гэсэн чиглэлийг Цөмийн энергийн газарт өгсөн байна. Тиймээс дээрх лицензийг цуцлах ажлыг хуулийн дагуу хийж байна гэлээ.
Харин дараа нь тэд сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.
-С.Энхбат “Г.Манлайжав нь төрийн албанд тэнцэхгүй хүн. Тэр тусмаа Цөмийн энергийн газрын даргын үүргийг орлож чадахгүй” гэж ярилцлага өгсөн. Та яг ямар мэргэжлийн хүн бэ?
Г.Манлайжав: Засгийн газрын хуралдаанаас намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Би бол 1991 онд МУИС-ийг төгсөөд 2009 он хүртэл цацрагийн хяналтын чиглэлээр тасралтгүй ажилласан. Улмаар 2009 оноос Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газарт ажиллаж байсан.
-Таныг С.Энхбат дарга ажлаас тань чөлөөлсөн байдаг юм билээ. Ямар алдаа гаргаад та чөлөөлөгдсөн юм бэ?
-Ажлаас халсан тушаал маань их сонин, 30 минутын дотор тушаал гарсан. Алдаа хийсэн гэдэг үндэслэл байхгүй. Харин С.Энхбат дарга асан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Г.Манлайжавыг Төрийн албаны зөвлөлөөс буруутай” гэж үзсэн гэдэг ярилцлага өгсөн байна билээ. Уг нь бол ямар алдаа гаргав гэдэг дүгнэлт гараагүй юм шүү дээ. Тийм болохоор би Төрийн албаны зөвлөлд дүгнэлтээ хүргүүлсэн.
Гол шалтгаанаа “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд буруу мэдээлэл өгсөн" гэдэг юм. Тэр нь тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг надаас өөр мэргэжилтэн бэлтгэж өгсөн. Түүнийг би хянаагүй, миний нэрээр яваагүй, бас боловсруулаагүй бичиг. Шалтаг бол энэ. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн үү үгүй юу, харин лиценз олгосон явдал нь тусдаа асуудал шүү дээ гэлээ.
Мөн хуралдааны төгсгөлд тэд “С.Энхбат нь асуудлыг хэтэрхий улстөржүүлж, хэвлэл мэдээлэл ашиглан тоглолт хийж байна” гэсэн юм.