“Бурхан өршөөг” захиалгын кино биш

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Бурхан өршөөг” захиалгын кино биш

Монголын кино урлагт бас нэгэн шинэ кино мэндэллээ. Нэр нь “Бурхан өршөөг”.  Өмнө нь “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Аз жаргал The Bad Boy” зэрэг киногоор хэдийнэ үзэгчдийн танил болсон, авьяаслаг найруулагч З.Батболдын шинэ бүтээл. Энэ удаад тэрбээр “өнцгөөсөө” нэлээд хазайж, улс төр, нийгмийн амьдралыг харуулсан, эмгэнэлт, инээдмийн кино туурвижээ.

Киноны гол дүрд хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, залуу жүжигчин Б.Хулан нар тогложээ. Уран бүтээлчид өнөөдөр “Өргөө” кино театрт киноны нээлтээ хийсэн юм. Кинонд Цэлмэг гэх бүтэл муутай, дарга нарт бялдуулчилж гүйдэг төрийн албан хаагч залуугийн ажил, амьдралын тухай өгүүлнэ. Ердөө зургаан өдрийн үйл явдлыг харуулах хэдий ч өнөөгийн нийгэмд тулгамдаад буй асуудал, улстөрийн нөхцөл байдлыг хурцаар тусгаж чаджээ.

Шинэ бүтээлийнхээ талаар найруулагч З.Батболд “Энэ кино бол захиалгын кино биш. Би зохиолоо бариад ивээн тэтгэгч хайж байхад, хүмүүс бүгд айж байсан. Кино зохиолоос бүгд айсан хэрэг. Харин миний найз намайг дэмжиж, кино маань  та бүхний хүртээл болж буйд баяртай байна. Дахиад л хэлэхэд, захиалгын кино биш шүү. Энэ кино бол захиалгын кино биш, уран бүтээл гэдгийг ойлгож хүлээж аваасай гэж хүсч байна” хэмээн тайлбарлав.

Харин киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярмагнай “Дэлгэцийн бүтээл, тайзны бүтээл хоёр огт өөр зүйл. Дэлгэцийн бүтээл үнэхээр хэцүү юм байна. Би анх удаа киноны гол дүрд тоглож байна. Чадах бүх зүйлээ гаргасан, өөрийгөө дайчилсан. Ямар ч байсан их хичээсэн” гэдгээ олонд хэлсэн.

“Бурхан өршөөг” эмгэнэлт, инээдмийн уран сайхны кино өнөөдрөөс эхлэн “Өргөө”, “Тэнгис” кино театруудад өдөр бүр гарч эхлээд байгаа юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж